РОБЭРТ МИХЕЛЬС "ОРЧИН ҮЕИЙН АРДЧИЛЛЫН НӨХЦӨЛ ДЭХ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН СОЦИОЛОГИ: ХАМТЫН АМЬДРАЛЫН ЯВЦАД ҮҮСЭХ ОЛИГАРХИ ХАНДЛАГЫН СУДАЛГАА"

 

РОБЭРТ МИХЕЛЬСИЙН ТАЛААРХ ӨЧИЛ

Вилхэлм Робэрто Эдуард Михельс (1876-1936 он) - болбоос Герман-Италийн улс төр судлаач, нам судлалыг үндэслэгчдийн нэг болно. 1911 онд бичсэн « Орчин үеийн ардчиллын нөхцөл дэх улс төрийн намын социологи: Нийгмийн олигархи хандлагын судалгаа» нэрт бүтээлээрээ шинжлэх ухааны ертөнцөд нэр олсон. Михельс хүн төрөлхтөний нийгмийн харилцааг судлах явцдаа шууд ардчилал, олон түмний ноёрхлыг нийгмийн практикт хэрэгжүүлэх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Үр дүнд нь олон түмнээс сонгогдож, тэдний эрх ашгийг төлөөлсөн тооны хувьд цөөн, улс орныг удирдан чиглүүлэх үүрэгтэй хүмүүс гарч ирдэг зүй тогтолтой. 

Гэвч улс төрийн нам үүссэнээр мөнөөхөн цөөн тоот хүмүүс олон түмнээс хөндийрч, өөрсдийгөө хаагдмал, түгжигдмэл давхарга болгон хувиргадаг байна. Үүнийг Михельс «олигархийн төмөр хууль, зүй тогтол» хэмээн оночилжээ. Удирдлагын чиг үүрэг илүү мэргэшсэн шинжтэй болж, олон нийт хүчтэй засагт татагдаж, харизм түгээмэлжих болсноор олигархи хандлага улам бүх хаяалбар мөн чанартай болсон гэж Михельс сургажээ. 

Германы улс төр судлаач Р. Михельсийн нөлөө улс төрийн нам судлалд хүчтэй илэрч, Францын улс төр судлаач М. Дювэрже (1951), Италийн улс төр судлаач Ж. Сартори (1968), ХБНГУ-ын улс төр судлаач Клаус фон Бэйм (1998), Герман-Америкийн улс төр судлаач Отто Киркхаймэр (1966), Ирландын улс төр судлаач Питэр Мэир (1995, 2004, 2009), Америкийн улс төр судлаач Ричард Кац (1995, 2009), Италийн улс төр судлаач Риккардо Плэццио (2003, 2008), Италийн улс төр судлаач Пиэро Игнаци (1996, 2008, 2013), Норвегийн улс төр судлаач Кээри Стрүм (1999, 2012, 2014), Австрийн улс төр судлаач Вольфганг С. Мүллэр (1999, 2012), Шотландын улс төр судлаач Марк Блюц (2002, 2013) нарын үзэл ухалд гүн тусгалаа олжээ. 

Өнгөрсөн зууны 70, 80-аад оны үеэс Өрнөдийн орнуудад бий болсон улс төрийн нам картельжих үйл явцыг онолын хувьд Михельс анх хөгжүүлж, Мэир, Кац (1995, 2009) нар шинэтгэн сайжруулсан ч гэж үзэж болох талтай. 

Жинхэнэ алдрыг нь Вилхэлм Робэрто Эдуард Михельс гэх цолгорсон сэтгэгч Робэрт Михельс 1876 оны нэгдүгээр сарын 9 нд Германы Көльн хотноо Юлиус Михельс болон Анна Шницлэр нарын гэрт лагшин мэндэлжээ. Түүний эцэг хотын удирдлагад зөвлөгөө өгөхийн зэрэгцээ Худалдааны танхимд гишүүнээр сонгогдсон нөлөө бүхий эрхэм байв. Эцгийн талаасаа герман, итали, эхийн талаасаа франц, герман, итали цустай нэгэн байв. Михельс багаасаа герман, итали, франц хэлд зэгсэн боловсорчээ. Франц коллеж дүүргэсний дараагаар Сорбонн, Мюнхэн, Лэйпциг, Халл, Турины Их Сургуулиудад суралцсан байна. Үзэл санааны хувьд Вэрнэр Зомбарт, Макс Вэбер, Гаэтано Моска нарын үзэл санааны хүчтэй нөлөөн дор байсан. Оюутан ахуй үедээ ༼སྐུ་རིང་སྟོད социал-демократ болон синдикалист үзэл санаанд татагдаж, 1907 он хүртэл Германы Социал-Демократ Намын гишүүн байсан боловч Макс Вебер, Вэрнэр Зомбарт, Ахилла Лориа нарын нөлөөгөөр шинжлэх ухааны ажилд бие, сэтгэлээ зориулжээ. 1907 онд Италид суурьшиж, Турины Их Сургуульд багшлах болсон. Энд байхдаа тэрээр Италийн хайв эрдэмтэн Гаэтано Москатай танилцаж, түүний нөлөөгөөр элитийн онолын үндсийг судалсан. Москагийн “улс төрийн ангийн” онолыг шимтэн сонирхож, улмаар XX зууны 20-оод оны үеэс Бэнито Муссолинигийн фашист дэглэмийг үзэл санааны хувьд дэмжсэн. Мөн Италийн нэр нэндсэн бичгийн хүн В. Парэто лугаа танилцаж, ལྷིང་ཆག болов. Хэдийгээр герман гаралтай, олон жилийн туршид Базэлд эдийн засаг, статистикийн чиглэлээр багшилсан боловч Италийг өөрийн эх орноо хэмээн үздэг тул 1913 онд иргэний харьяаллаа өөрчилсөн. 1926 оноос Ром хотноо улс төрийн социологийн чиглэлээр багшлах болсон. 1927 онд Чарльз Мэрриамын санаачлан хэрэгжүүлсэн “Иргэн төлөвшүүлэхүй” нэрт олон улсын төслийн ажилд оролцсон байна. Михельс 1928 онд Италийн фашист ཧྥ་ཤི་སི། намд гишүүнээр элссэн. Улмаар дучегийн зарлигаар Пэружэ дахь их сургуульд профессорын албан тушаалд томилогджээ. Энд байхдаа тэрээр “шинэ улс төрийн сэтгэлгээг” төлөвшүүлж, “фашист онолыг” хөгжүүлэхийн зэрэгцээ “мэргэшсэн фашист боловсон хүчин” бэлтгэх зорилго бүхий улс төрийн шинжлэх ухааны “фашист факультет” үүсгэн байгуулахад идэвхийлэн оролцсон байна. 1908 оноос элитийн онолыг баримтлах болсон. Марбургийн Их Сургуульд багшилж ажил, хөдөлмөрийн гараагаа эхэлсэн тэрээр 1907 оны холбооны улсын сонгуульд Германы Социал Демократ Намаас нэр дэвшсэн боловч амжилт олсонгүй ээ.

Олон удаагийн оролдлогын эцэст 1907 онд Турины их сургуульд Ачилло Лориагийн удирдлага дор докторын зэрэг горилсон байна. Улмаар 1914 он хүртэл Турины Их Сургуульд эдийн засаг, улс төрийн шинжлэх ухаан, социологи зааж байсан бөгөөд дараагаар нь, Базэлийн Их Сургуульд эдийн засгийн ухааны профессор болжээ. 1926 онд Италийн иргэний харьяалал олж, Прэгуа Их Сургуулийн түүх, эдийн засгийн ухааны профессороор ажилласан. Италид фашист хөдөлгөөн үүссэнд талархалтай хандаж, Б. Муссолини засгийн эрх авахад баяр хүргэсэн байдаг. Тиймдээ ч Сенатын гишүүн, эдийн засагч Вилфрэдо Парэто, Маффео Пантелеони нарын зэрэгцээ Муссолинигийн ойрын зөвлөхийн тоонд Михельс ордог байжээ.

Италийн дуче Бэнито Муссолиниг бишрэн шүтэгч, Италийн фашист үзэл санааны туглагч Робэрт Михельс 1936 оны тавдугаар сарын 3 нд Италийн нийслэл Ром хотноо 60 насандаа бие баржээ.

Михельсийн судалгааны гол ололт нь “олигархийн төмөр хууль, зүй тогтол”-ыг нээсэнд оршино. Олон түмний хэлбэрийн социал-демократ намууд, үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн гэх мэт нийгэм, улс төрийн аливаа зохион байгуулалт өөртөө олигарх хандлагыг тээж байдаг. Эрх мэдлийн цөм удирдлага, мэргэшсэн аппаратын гарт төвлөрөх, олон түмний болон байгуулагын энгийн гишүүдийн эрх, үүрэг хумигдах, удирдлага, удирдлагын бүтцээ хянах боломж алдагдах, байгууллагын үйл ажиллагааны анхдагч зорилго сарних зэрэг нь тухайн зохион байгуулалт олигарх шинжтэй болж буйн илрэл юм. “Хэнийг сонгосон, ямар этгээдийг төлөөлдөг байх нь хамаагүй. Зохион байгуулалт өөрөө ноёрхол бий болох хангалттай шалтгаан болдог. Хэн зохион байгуулалтын талаар ярина, тэр олигархийн талаар ярьж буй хэрэг юм”. Нэгдүгээрт, зохион байгуулалтын техникийн боломж, бололцоог, хоёрдугаарт, олон түмний сэтгэл зүйн шинж чанарыг, гуравдугаарт, улс төрийн хошуучлагчдын сэтгэл зүйн шинж чанарыг, дөрөвдүгээрт, бонапартизмыг судлах замаар ардчилал зохион байгуулалтгүй оршин тогтнох ямар ч нөхцөлгүй. Харин зохион байгуулалт өөрөө олон түмний шууд ноёрхлыг үгүйсгэж байдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Намын зохион байгуулалт олигарх шинжид орох үйл явц нь дараах үе шаттай. Үүнд:

1.       Хошуучлал бий болно:

2.       Хошуучлах үйл мэргэшиж, төлөвшинө:

3.       Удирдлагын бюрократ бүтэц үүснэ:

4.       Эрх мэдэл нэг төвд төвлөрнө:

5.       Үзэл суртал, удирдлага удирдлагын бүтцийн зорилгодоо хүрэх арга хэрэгсэл болж хувирна:

6.       Үзэл суртал, нийгмийн бодит байдлын хооронд зөрчил бий болж, үзэл суртлаа шинэчлэх санал, санаачлагууд гарч эхэлнэ:

7.       Энгийн гишүүд, удирдлагын хоорондын харилцаа алсарч эхэлнэ:

8.       Намын шийдвэр гаргах үйл явцад энгийн гишүүдийн нөлөөлөх боломж хумигдаж эхэлнэ:

9.       Удирдлагын бүтцэд сөрөг байр суурьтай бүлэглэлүүдийн удирдлагыг элсүүлж эхэлнэ (кооптац) гэх мэт шинжийг багтаасан байна. Хувьсгалт намууд хүртэл гишүүнчлэлээ өргөжүүлэх бодлогоос татгалзаж сонгогчдынхоо хүрээг тэлэх бодлогод шилжинэ.

Ямар үзэл баримтлалыг дэмждэг нам байх нь хамаагүй бүгд олигарх шинжтэй болж эхэлдэг. Оршин буй нийгмийн байгууллаа өөрчлөх зорилго бүхий хэт зүүний намуудад хүртэл хөгжлийн явцад олигарх шинж бүрэлдэж, үйл ажиллагааны анхдагч зорилгоо гээх явдал гардгийг Михельс онцолсон. Намын удирдлагын ярианд хэт зүүний үг хэллэг хадгалагдах ч үнэн чанартаа анхдагч зорилгоосоо аль хэдийн хазайсан байдаг. Энэ бол зохион байгуулалтын хөгжлийн зүй ёсны үр дүн юм. Удирдлага нь энгийн ажилчдаас намд мэдлэг чадвар хуримтлагдаж, улс төрийн тэмцэлд татагдан орохын зэрэгцээ хууль тогтоох хуралд сонгогдох тохиолдолд удирдлага, жирийн гишүүдийн хоорондын харилцаа алсардаг талаар Михельс онцолсон. Энэ нөхцөлд намын удирдлагын байр суурь зохион байгуулалтаас хамаарах бөгөөд улмаар анги, нийгмийн давхаргын бус, намын зохион байгуулалтын ашиг сонирхлыг илэрхийлэгч, хамгаалагч болж хувирдаг байна. Үүнээс гадна, намын удирдлага үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлж, нөөц, шийдвэр гаргах үйл явцад хяналтаа тогтоох замаар бодлого, төлөвлөгөөгөө хэрэгжүүлдэг байна. Өнөөгийн олон түмний намууд зохион байгуулалтын энэ хэлбэрт шилжих нь зайлшгүй.

Улс төрийн намын зохион байгуулалтын хэлбэр олигарх шинжтэй болж байгаа нь олон түмнээс мөн хамаарч байдаг. Михелсийн үзсэнээр, олон түмэн дараах шинжийг өөртөө агуулдаг. Үүнд:

1.       Улс төрийн үйл явцаас зайлсхийх:

2.       Мэдлэг, чадваргүй байх:

3.       Удирдлагыг хүсэмжлэх:

4.       Удирдлагад талархах мэдрэмж:

5.       Хошуучлалыг хүндэтгэх хэрэгцээ:

6.       Сүргийн мэдрэмж зэрэг болно.

Удирдан зохион байгуулах чадвартай, мэдлэг боловсролтой хүн төрөлхтний цөөн тоот хэсэг бусдыг дагуулан хошуучлах, ухуулан сэнхрүүлэх, удирдан жолоодох зөн совинтой бол хүн төрөлхтний энгийн олонхын хувьд өөрсдийг нь зохион байгуулж, удирдах, араасаа дагуулах чадвартай цөөнхийг ямагт хүсэмжилж байдаг.

Ерөнхийдөө хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн талаарх Михельсийн зураглал туйлын гутрангуй шинжтэй. Бид хичнээн ардчиллын тухай ярилаа ч ганц хүний, юм уу цөөнхийн дарангуйллаас ангид байж чаддаггүй. Ардчилал өөрөө дарангуйллын нэг хэлбэр мөн. Учир нь зохион байгуулалтын хэлбэрийг өөртөө тээж байдаг. Зохион байгуулалтын олигарх хандлага Михельсийн үзсэнээр зөвхөн захиргааны юм уу удирдлагын шинжтэй асуудал огтоос биш юм. Захиргааны, удирдлагын зэрэгцээ сэтгэл зүйн шинжтэй үзэгдэл болно.

Михельс олон арван бүтээл туурвисны дотор “Италийн социалист хөдөлгөөн дэх хөрөнгөтөн, пролетари анги: Итали дахь социализм, ангиудын судалгаа” (1906 он), “Германы социал-демократ хөдөлгөөн” (1906 он), “Интернационал холбоон дахь Германы социал-демократ хөдөлгөөний байр суурь: Шүүмжлэлт үзэл санаа” (1907 он), “Нийгмийн олигархи хандлага: Ардчиллын асуудал” (1908 он), “Намын зохион байгуулалтын консерватив шинж чанарууд” (1909 он), “Орчин үеийн ардчиллын нөхцөл дэх улс төрийн намын социологи: Нийгмийн олигархи хандлагын судалгаа” (1911 он), “Итали дахь фашизмийн хөгжил” (1924 он), “Итали дахь фашизм, социализм” (1925 он), “Улс төрийн ангийн шинэ судалгаа” (1936 он) зэрэг зохиолууд онцгой ялгардаг. Энэ удаад та бүхэнд Михельсийн “Орчин үеийн ардчиллын нөхцөл дэх улс төрийн намуудын социологи: Хамтын амьдралын явцад үүсэх олигархи хандлагын судалгаа” зохиолыг дээжлэн хүргэж байна (Бичвэрийг утгачилсан МУИС-ийн докторант Нямаагийн Отгонбаяр).

ОРЧИН ҮЕИЙН АРДЧИЛЛЫН НӨХЦӨЛ ДЭХ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН СОЦИОЛОГИ: ХАМТЫН АМЬДРАЛЫН ЯВЦАД ҮҮСЭХ ОЛИГАРХИ ХАНДЛАГЫН СУДАЛГАА

(Социология политической партии в условиях демократии)

(The Sociology of political parties in modern democracy)

ӨМНӨТГӨЛ

Улс төрийн, юм уу философийн асуудлаар тодорхой нэг үзэл бодол сонсоод шууд зүрхнийх нь цохилт түргэсэх хүмүүс байх юм. Die lasse in Ruhe /Тэднийг тайван орхих хэрэгтэй/. Тэдэнд юу ч заагаад нэмэргүй. Учир нь зүрхнийх нь хурдан цохилт тэдэнд аливаа оюун сэтгэхүйн үйл ажиллагаа өрнүүлэх боломжийг хааж өгдөг гэлтэй. Ерөөсөө шинжлэх ухааны үйл эрхлэх чадваргүй ийм хүмүүсийн хувьд урт удаан хугацааны ажиглалт, судалгааны явцад бий болсон улс төрийн намуудын дотоод зохион байгуулалтын үндсийн талаарх энэхүү сургаал зориулагдаагүй гэж үзэж болно[1].

Үнэндээ сүүлийн 150 юм уу хагас зуун жилд бий болоогүй ч байж болох нийгмийн хурц асуудлууд тулгам шинж чанартай болж, илүү нарийн томьёолол, шинэ утга агуулга эрэлхийлсээр. Олон олон судлаачид, сайн санааны үйл эрхлэгчид дээрх асуудлыг шийдвэрлэхийг оролдож, өөрсдийн амьдралаа зориулцгаасан байдаг. Тэд өөрсдийн нэр хүндэд тулгуурлан ёр бусын оролдлогууд хийж асуудалд хариулт олохыг оролдсоор байлаа. Тухайлбал, Европт хөнөөлт дайны аюул заналхийлж, олон улс оронд хувьсгал тулгаж асан хэл шинжлэлийн болон угсаатны асуудлыг шийдвэрлэхийн тулд үндэстний гэж нэрлэгдсэн зарчмыг нээн илрүүлсэн юм. Улс ардын аж ахуйн салбарт дэлхийн дэг журамд юу юунаас илүүтэйгээр заналхийлэх нийгмийн асуудал үүссэн нь үндэсний маргаан, зөрчил намжсан байхад ч нэг ч улс орон, хотыг тойрсонгүй. Энэ хүрээнд ажилчин хүний хөдөлмөрийн үр шимээ хүртэх эрхийн тухай үзэл санаа төрсөн байдаг. Нийгмийн амьдралыг зохицуулж, төрийн зохион байгуулалтын дотоод асуудлыг шийдвэрлэхийн тулд ард түмний бүрэн эрхт байдлын зарчим боловсруулагдсан. Өөрөө удирдах ёс нь ардчиллын суурь зарчим мөн боловч үүний зэрэгцээ үндэсний асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ, шаардлагыг өөртөө агуулж байдаг. Учир нь үндэсний зарчим зөвхөн ард түмний бүрэн эрхт байдал дээр суурилсан үед хэрэгжих боломжтой юм. Гэвч амьдралын арвин туршлагаар дэмжигдсэн үзэл танилт дээрх шийдвэрийн нэг нь ч бодит байдал дээр үр дүнгээ өгөөгүй бөгөөд хэтэрхий хийсвэр гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Үндэсний зарчим газар зүйн болон стратегийн асуудалд хөтөлж, байгалийн хил хязгаар тогтоохын зэрэгцээ стратегийн хил бий болгох зайлшгүй шаардлагатайг нотлон харуулж байгаа нь маргаангүй. Гэвч үндэстэн гэж огт байхгүй юм уу, олон үндэстэн төөрөгдөлд оршин байгаа нөхцөлд тус болохгүй нь ойлгомжтой. Социализмын олон янзын урсгал, чиглэлүүд нэг нэгэнтэйгээ эдийн засгийн асуудлаар эцэс, төгсгөлгүй зөрчилдөх болсон. Ажилчин хүн хөдөлмөрийн үр шимээ хүртэх эрхийн тухай томьёолбор шинжилгээний гэхээсээ илүүтэйгээр нийтлэг байдлаар гаргасан хялбарчилсан илэрхийлэл гэлтэй.

Бидний зүгээс дэвшүүлж буй өнөөгийн гол зорилго ардчиллын асуудлыг шүүмжлэлт байр сууринаас хөндөхөд оршино. Ардчиллыг хөдөлгөөн, үзэлт танилт талаас авч үзвэл орчин үед гэтэлж үл болох хямралд автаад байна гэж ойлгож болох талтай. Ардчилал зөвхөн гадна талаасаа саад, бэрхшээлтэй тулгарсан төдийгүй дотооддоо саад бэрхшээлээ итгэлтэйгээр даван туулах чадвараа нэгэнт алджээ.

Миний бие шинжлэх ухааны онцгой нэгэн зорилтыг өмнөө тавьж байна.  Судалгааны явцдаа нийгмийн амьдралын шууд баримтаас өөр ямар нэгэн гадаад нөлөөлөлд автахгүй, аливаа хэлбэрийн хийсвэрлэлтээс ангид байхыг чармайх болно. Хэдийгээр амьдралынхаа хамгийн идэвхтэй үеэ ардчиллыг судлахад зориулсан ч үүндээ огт харамсахгүй байна. Үүний зэрэгцээ ямар нэгэн орлуулж болохуйц “цоо шинэ тогтолцоо” танилцуулахаас эгнэгт татгалзаж байгаадаа нэн баяртай байна. Шинжлэх ухааны зорилт нь шинэ тогтолцоо нээх юм уу, асуудлыг шийдвэрлэх, эсвээс шийдвэрлэх гарцыг нээн илрүүлэхэд оршдоггүй, харин мэдлэгийг бусдад түгээхэд оршино. Хувь хүний ч бай, нийгмийн ч бай олон асуудалд төгс шийдэл гэж байдаггүй, энэ ч утгаараа үргэлж хариулт эрэлхийлсэн байдлаар нээлттэй үлдэх тохиолдол байна. Шинжлэх ухааны зорилт нь хандлага, сөрөг хандлага, баримт, эсрэг баримтын талаарх мэдээллийг цуглуулж, нийгмийн амьдралын бүтцийн сүлжээг аль болох нээлттэй байдлаар дүрслэн харуулахад оршино. Аливаа таамаглалын зүй ёсны нөхцөл нь – бүрэн хэмжээний шинжилгээ юм.

Ардчиллын замд сорилт болж буй хандлагуудыг төрөлжүүлж, тодорхойлон гаргах гэдэг хамгийн хүнд, хэцүү зүйл юм. Гэвч бидний хувьд энэ оролдлогууд ямагт боломжтой мэт санагдах тохиолдол байна. Уг хандлага хүний мүс чанар, улс төрийн тэмцлийн нөхцөл, зохион байгуулалтын шинжээр нөхцөлдсөн байдаг. Ардчилал олигархид хүргэж, олигарх хандлагыг өөртөө үүсгэдэг. Энэ сэдвийг гаргаснаар бидний зүгээс улс төрийн намуудын юм уу, засгийн газрын ямар нэгэн дутагдлыг, тухайлбал, хууран мэхлэлтийн талаар гаргаж ирэхийг оролдсонгүй, мөн хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Хүн төрөлхтний бүхий л нийгмийн харилцаа эвсэл эсвээс, анги шинжтэй бүлгүүдэд нэгдэх хандлагатай байдгийг хүлээн зөвшөөрсөн хууль, зүй тогтол социологийн бүх хуулийн нэгэн адил өөрийн гэсэн сайн, муу талтай.

Ардчиллын судалгаа ардчилсан тогтолцооны үүсэл, хөгжлийн үйл явцыг зурагласан нийгмийн амьдралын голлох үзэл санаа, чиг хандлагын нэгдэл дээр суурилж байгаа цагт олон эрдэмтдийн хийх цаашдын судалгаа энэ салбарт шинэ зүйл авчрахгүй нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч ардчиллын улс төрийн намуудад үзүүлэх нөлөөлөл өнөөг хүртэл судлагдаагүй хэвээр байна.

Ernst Bernheim “Lehrbuch der historischen Methode” бүтээлдээ судалгааны материалаа илүү нарийвчлах зорилготойгоор түүх бичлэгийн дараах хоёр чиглэлийг гаргасан байдаг. Юуны түрүүнд, нэгдүгээрт, соёлын түүх гэдгийг хүмүүсийн амин хувийн үйлээс бүрдэх хөдөлмөр, нийгмийн амьдралын хөгжлийн түүх гэх явцуу утгаар ойлгосон. Хоёрдугаарт, улс төрийн соёлын түүх гэдгийг төрт ёс, төрийн түүх хэмээн ойлгосон байна[2]. Гэвч соёлын түүхийн уг ангилалд зарим талаар нөхвөр санааг тусгах шаардлагатай хэмээн үзнэ. Учир юун хэмээвээс “төр” /staat: государство/, “хувь хүн” /individuum: индивид/ гэх суурь ойлголтын зэрэгцээ сүүлийн зуун жилийн хугацаанд нийгэм-улс төр, соёлын түүхэнд саяхнаас шинэ зүйл хүч түрэн орж ирсэн. Өнөөдөр хувь хүн урьдын нэгэн адил зохион байгуулалт бүхий засаглалтай эцэс төгсгөлгүй тэмцэл хийж чадахаа нэгэнт больжээ. Улс төрийн, нийгмийн, соёлын тэмцлийн талбарт бүтэц, зорилгын хувьд төртэй төстэй боловч хувь хүний ашиг сонирхол, мэдрэмжээс эхтэй шинэ, гуравдагч хүч бий болсон. Үүнийг “хувь хүнжсэн төр” /ein individualisierter Staat; индивидуализированным государством/ гэх юм уу, “төрийн доторх төр” /ein Staat im Staate; государством в государстве/ хэмээн нэрлэж болох юм. Нэн шинэ үеийн түүхэн дэх зохицуулалтын шинэ тогтолцоог төлөөлөх уг гуравдагч хүч нь улс төрийн нам /politische partei: политическая партия/ болно.

Улс төрийн намыг судалж, шинжлэх нь – нийгмийн, нийгмийн сэтгэл зүй, түүхийн шинжлэх ухааны уулзвар зааг дээр орших тодорхой хэмжээний онолын үндэслэл шаарддаг харьцангуй бие даасан бус хавсрага социологид хамааруулж болох шинжлэх ухааны шинэ чиглэл юм. Орчин үеийн намууд хөгжихийн хэрээр өнөөгийн шинжлэх ухааны хамгийн эртний чиглэл – түүх бичлэг илүү их ач холбогдолтой (тоон болон чанарын талаасаа) болж байна. Европын нам бүр сайн юм уу муугаар бичигдсэн өөрийн гэсэн түүхтэй байдаг. Харьцангуй хожуу үүссэн хоёр дахь чиглэл нь – туйлын ядмаг байдалд орших намын талаарх судалгаа юм. Тус бүтээл уг чиглэлд томоохон алхам хийх зорилго агуулсан болно.

Улс төрийн намуудын удирдлагын механизмыг цоо шинэ аргаар шинжлэн судлахад тус судалгааны ажлын үндэс оршино. Гэхдээ энэ нь тийм ч хялбар байсангүй. Цуглуулсан материалынхаа итгэн үнэмшүүлэх шинжийг ухваас өмнөө тавьсан зорилгодоо хүрч чадахгүй мэт санагдаж байсан. Миний бие цуглуулсан материалынхаа ихэнх хэсгийг огт хөндөөгүй бөгөөд зөвхөн чухал гэж үзсэн тэр зүйлээ уг судалгаанд ашигласан болно. Боломж, цаг хугацаа байсан ч шаардлагатай гэж үзсэн тэр хэмжээгээр сэдэв бүрт түүхэн жишээ татахыг оролдсон. Нэмж дурдахад, номын навтарга улс төрийн намуудын мөн чанарын талаарх миний цуглуулсан гайхалтай материалуудыг төгс илэрхийлж чадахгүй гэж үзэх үндэстэй. Auber in der Überfülle lag die Schwierigkeit einer Aufgabe aber zumal in der ungeheuren Kompliziertheit und dem Beziehungsreichtum der Probleme, auf die ich stieß /Нарийн ээдрээтэй, харилцан хамаарал бүхий асуудлыг хэт өргөн хүрээнд авч үзэх гэж оролдсон нь миний хувьд туйлын хүндрэлтэй байлаа/. Гэхдээ аль болох намын амьдралын үзэгдлийн олон талт байдлыг тэр чигээр нь буулгахыг оролдсон болно. Тэр ч байтугай миний бие өөдрөг төсөөлөл гарахыг үгүйсгээгүй. Das liegt in der Natur dieser Wissenschaft, die größtenteils noch der Gegenwart angehörende oder doch ihr noch hahestehende Erschienungen zu untersuchen gezwungen ist und somit notwendigerweise des Abstandes entbehrt, der die Konturen schärft und den Silhouetten die letzte Abrundung gibt. Энэ ч учраас миний бие алив обьектив шүүмж, сайн зөвлөгөөг сонсч, шаардлагатай гэж үзсэн тохиолдолд дахин нийтлүүлэхдээ засан сайжруулахад бэлэн байна.

Эцэст нь, гэр орны ажил, шинжлэх ухааны үйл гэх мэт санаа зовоох олон асуудал байсан ч надад ёр бусаар нөлөөлж, өвчнөө ялан дийлж энэ бүтээлийг дуусгахад үнэлж баршгүй туслалцаа үзүүлсэн хайрт хань Гизэл Михельс Линднэр /meiner lieben Frau, Gisela Michels-Lindner/-т чин зүрхний угаас талархлаа илэрхийлэхийг хүсэж байна.

Турин хот. 1910 оны хавар.

Олигархийн хамгийн хатуу хэлбэр болох хэмжээгүй эрхт эзэн хааны засаг оорцог хүний хүсэл сонирхолд хөтлөгддөг. Sic volo, sic jubeo. Tel est mon bon plaisir. Нэг нь жанжилж, бусад нь үг дуугүй захирагдана. Оорцог хүний хүсэл сонирхол бүхэл бүтэн үндэстний ашиг сонирхлыг төлөөлөх бөгөөд элэр цагийн энэхүү журам ёс өнөөдрийг хүртэл хэмжээт цаазат эзэн хаант засгийн хэлбэрээр оршсоор байна. Энэ тогтолцооны эрх зүйн үндэс нь далдын хүчинд сүслэх сүсэг бишрэлийн суурьтай юм. Алив хэлбэрийн эзэн хаант засгийн учир шалтгааны хамаарал нь бурханд чиглэгддэг. Тийм ч учраас хойд насны ертөнцөд итгэх мэт сүслэж залбирах эзэн хааны засаглал жиртэн хүний эрх, хүсэл зоригт үл хамаарах бөгөөд хэзээд үл хувирах мөнхийн шинжтэй болно. Хэдийгээр гэнэн улс төрчдийн шөнийн зүүд мэт санагдах ч хууль ёсны үндэслэл бүхий эзэн хааны засгийг түлхэн унагах ямар ч бололцоогүй юм. Эрх зүйн талаас авч үзвэл эзэн хааны засгийг зөвхөн үл танигдах бурхны талааллаар унагааж болох билээ.

Онол, үзэл танилтын хувьд эзэн хаант засгийн уг зарчмыг ардчиллын зарчим үгүйсгэдэг. Ардчилал нь хэн нэгэн бусдаас давуу эрхтэй байхыг үндэслэлгүй гэж үзнэ. Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш ба in abstracto нийгмийн давхараажилтийн дээд хэсэгт хэн ч хүрч болох тул төрснөөр олгогдох давуу эрхийн тухай ярьдаггүй. Эндээс улбаалан нийгмийн давуу байдлын төлөөх тэмцэл зөвхөн хувь хүний мэдлэг, чадвараас хамаарна гэж үздэг. Эзэн хаант засаглалын үед бүхнийг мэдлэг чадвартай оорцог хүнд хамаатуулах тул ард түмэн удирдлагын ямар нэгэн ашиг тус, юм уу сайн сайхан байдлыг бий болгож чаддаггүй байна[3]. Харин ардчиллын үед ард түмэн бие даан, хараат бусаар засаг төрийн эрх мэдлийг барих тул хариуцлагыг өөртөө хамаатуулдаг.

Өнөө бидний үед төрийн зохион байгуулалтын онолын эдгээр үндсэн зарчим олон ард түмний амьдралд нийтлэг байх тул уян хатан шинжтэй нь мэдэгдэж байна. «…ардчилсан засаг ард түмнийг бүхэлд нь, юм уу эсвээс тодорхой хэсгийг нь хамардаг. Харин язгууртны засаг, юуны түрүүнд, ард түмний тодорхой хэсгийн цөөн тооны иргэдийн бүлэглэл дээр суурилдаг»[4]. Засаглалын хоёр хэлбэр харилцан нэг нэгнээ нөхөх тул төдийлөн зөрчилдөөд байдаггүй.

Манай зуунд язгууртны засаглалын хоцрогдсон, бүдүүлэг бүх хэлбэрийг, тэр тусмаа улс төрийн амьдралын үндсэн талбараас эгнэгт шахан гаргаж байна. Консерватизм хүртэл энэ нөхцөлд ардчилсан дүр төрхтэй болж хувирдаг. Ардчилсан олон түмний түрэлтийн нөлөөгөөр язгууртны засаг анхны дүр төрхөө гээгээд удаж байна. Дүр төрхөө өөрчилсөн нь ч түүнд таалагдаж байна. Өнөөдөр бидний нүдэн дээр хэмжээгүй эрхт эзэн хаант засаг байгаа бол маргааш хэмжээт цаазат эзний, харин нөгөөдөр парламентын бүгд найрамдах улсын хэлбэртэй болж хувирна. Герман шиг нөхцөлд эзэн хааны засаг бурхны хүсэл зоригт хөтлөгдөнө. Хэрэв Италид оршин буй лугаа адил эргэлзээтэй нөхцөл үүссэн үед эзэн хааны засагт бурхны хүсэл зоригоос гадна ард түмний хүсэл шаардлагатай болно. Гадаад шинж чанараараа эзэн хааны засаг хэдэн ч удаа дүр төрхөө өөрчлөх бололцоотой. Тухайлбал, эзэн хаант засаглалтай Франц улсад Франц, Наварын эзэн хаан /Franciae et Navarrae Rex/ Францын /Roy de France/, харин Францын эзэн хаан /Roy de France/ Францчуудын /Roi des Français/ болж хувирах жишээтэй.

Ийм ч учраас намын амьдрал төр, нийгмийн амьдралын нэгэн адил ардчилалд хүчтэй татагдах болсон. Ихэнхдээ олонхын, цаг ямагт олон түмний зарчим дээр суурилж байна. Ингэснээр язгууртны намууд цэвэр язгууртны зарчмаа алдах болсон. Улс төрийн амьдралын зарим үед ардчиллыг дэмжих юм уу, ардчилсан үзэл санаанд татагдах боловч мөн чанараараа ардчиллын эсрэг хэвээр үлддэг. Ардчиллын зарчим ард түмэн, олонхын хувьсан өөрчлөгдөж буй хүсэл сонирхолд нийцсэн байдлаар хэрэгждэгийн нэгэн адил Хэраклит (Heraklit: Гераклит)-ын πάντα ῥεῖ (өөрчлөлтийн: изменчивости) онол ёсоор консерватизмын зарчим нь хувирашгүй сайн зүйл (эсвэл хувирашгүй муу зүйл) хэмээн туршлагаар хүлээн зөвшөөрөгдсөн тогтвортой хэм хэмжээ, дүрэм журмын тогтолцоог бий болгох бөгөөд үнэлэмжийн системд байнгын байр суурь эзлэхийг эрмэлздэг. Гэхдээ тогтонги зарчмыг шууд консерватив хэмээн хараахан үзэж болохгүй мэт. Оршин буй бүхнийг, тодруулбал, оршин буй эрх зүйн хэлбэрийг сайшаан өмгөөлөхийн цагт консерватизм өөрөө өөрийгөө сөнөөх тавилантай[5]. Шинэ тутам төрөн гарч буй ардчилсан үзэл бодол бүхий улс төрийн хүчнүүд консерватив үзэлтнүүдийг шахан тэдний засаглалыг үгүй хийхийн цагт урьдын захирагчид оршин буй төрийн дайсан, заримдаа хувьсгалчид болж хувирдаг. Энэ ч учраас мөн чанартаа язгууртны онцгой байдлыг сүслэх консерватив үзэл бодол бүхий улс төрийн намууд ард түмний намын дүр төрхтэй болж хувирдаг байна. Зөвхөн олон түмэн хамгийн эртний язгууртны засгийг төгс хэлбэрээр сэргээж, ардчилсан дэглэмийг эгнэгт үгүй хийж чадна гэдэгт итгэсэн консерватизмын талынхан ардчилагчид болж хувирдаг хэрэг. Тэд өөрийн цаг үедээ бүгд найрамдах засагтай Франц улсад роялистууд хэрхэн хувьсгалт үзэл бүхий пролетари шинжтэй болж байсны нэгэн адил ард олны зовлон зүдгүүрийг гүнээ хүндэтгэж эхэлдэг. Тэд ажилчдыг ардчилсан хөрөнгөний дарлалаас ангижруулж, үйлдвэрчний эвлэлийн нөлөө өсөн нэмэгдэх үйл явцад бүгд найрамдах засгийн түлхэн унагасан хаан ширээ, язгууртны зарчмын агуу үр дүн, эзэн хааны засгийг буцаан сэргээх нөхцөлтэйгээр туслалцаа үзүүлдэг. «Эзэн хаан, явар ядуусыг тэтгэгч хаан» /Le Roy et les camelots du Roy: der Monarch und die Volksmassen der Armen: Король и бедняки короля/ цатгалан хөрөнгөтнүүдийн олигарх засгийг устгана. Ардчилал ард түмний ардчилсан шийдвэрээр устгагдана. Ардчилсан арга нь язгууртнуудыг түлхэн унагаж байж хүрэх шинэ засгийг тогтоох цорын ганц арга мөн. Засаг төрийн эрхэнд бүрэн гараагүй цагтаа консерватив үзэлтнүүд өөрийн уриаг ажилчин ангид хаяглах нь цөөнгүй. Ардчилсан дэглэмтэй улс орнуудад, тухайлбал Англид ард олны ихэнх хэсгийг пролетарчууд бүрдүүлж буй цагт ажилчин ангид консерватив үзэлтнүүд хандсаар байх болно. Парламентын бус засаглалтай ч бүх нийтийн сонгуулийн эрхийг хүлээн зөвшөөрсөн орнуудад хүртэл язгууртны намуудын улс төрийн амьдралд онолын хувьд бүрэн үгүйсгэгдсэн улс төрийн боломж, бололцоо, эрх олон түмэнд түшиглэдэг байна. Сонгуулийн явцад өөрөө өөрийгөө хадгалж авч үлдэх гэсэн улс төрийн зөн совин засаг төрийн эрхэнд байсан бүлэглэлүүдийг байр сууриа умартан манай нийгмийн хамгийн залуу, хамгийн олон тоот, хамгийн боловсролгүй давхарга болох пролетари ангийг улс төрийн болон хууран мэхлэх аргаар ашиглах байдалд хүргэдэг байна. Язгууртны засаг улс төрийн засаглалаа парламентын бус аргаар хадгалж үлдэхийг оролддог. Улсын доторх улс төрийн засаглалаа хадгалж үлдэхийн тулд тэдэнд (ихэнх эзэн хаант засаглалд) парламентад суудал бүхий олонх огт хэрэггүй юм. Гэвч илүү хүндэтгэл олж олон нийтийн таашаалд нийцэхийн тулд гоёчилсон хэлбэрээр ч хамаагүй парламентад төлөөлөлтэй байх шаардлага үүснэ. Язгууртны засаг өөрийн дотоод зарчмаа тунхаглах юм уу өөртэйгээ ижил бусадтай харилцах замаар үүнд хүрдэггүй. Язгууртны юм уу томоохон газрын эздийн нам эдийн засгийн ашиг сонирхол, хөрөнгө чинээтэй хүмүүс рүү хандвал нэг ч тойрог авч чадахгүй, парламентад нэг ч депутатын суудал авахгүй нь ойлгомжтой. Консерватив нэр дэвшигч сонгогчдынхоо өмнө гараад та бүхэн улс төрийн амьдралд оролцож, улсын хувь заяаг авч явах нэгэнт чадваргүй тул сонгогдсныхоо дараа чин шударга байж, сонгуулийн эрхийг тань хасах болно гэж мэдэгдэх улс төрийн хувьд хамгийн тэнэг зүйл болох билээ. Парламент дахь өөрийн acte de presence /бүрэн эрхээ/ хэрэгжүүлэхийн тулд сонгуулийн урьдчилсан кампанит ажлын үеэр ардчилсан дүр төрх эсгэж, газар тариалан эрхлэгчид болон улс ардын аж ахуйн ажилчдын өмнө та бүхний итгэлт нөхөр бөгөөд нийгэм-эдийн засгийн эрх ашгийг тань хангахад хэзээд бэлэн гэдэгтээ тэднийг үнэмшүүлэхэд оршино. Ийнхүү язгууртны төлөөлөл зүрх сэтгэлийнхээ угаас үл итгэх, тэр бүү хэл жигшин зэвүүцэх тэр л зарчмынхаа үндсэн дээр парламентад нэр дэвших хэрэгтэй болдог байна. Парламентад сонгогдсноор олгогдох засаглал түүний хувийн эрх чөлөөнд заналхийлэх бүх нийтийн сонгуулийн эрхийг хязгаарлах юм уу үгүй хийхийг шаарддаг байна. Гэвч ардчилал ид өрнөж буй цаг үед улс төрийн амьдралаас хөндийрч, өөрийн гэсэн улс төрийн нам хэзээ ч байгуулж чадахгүйгээ ухаарсан тэрээр өөрийн итгэл үнэмшлээ бага зэрэг өөрчилж, чоно мэт явж, олонхын санал авахыг мөрөөдөж эхэлдэг байна.

Нийгмийн хувьсгалт, ардчилсан намууд олигархийн бүх хэлбэртэй шийдвэртэй тэмцэл хийхийг өөрийн гол зорилго болгон тунхагладаг. Тэгвэл тэдний зүгээс хийж буй тэмцлийн уг хандлага намуудын дотоодод хэрхэн хөгжиж байна вэ гэсэн асуулт урган гарч байна. Энэ асуултад шинжилгээний түвшинд хариулт эрэлхийлэх нь бүтээлийн гол зорилгын нэг болно. (…)

Социалист чиг баримжааг дэмжигч ихэнх судлаачид алс хэтдээ ардчиллыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байхад хуучинсаг үзэл бодолтой хүмүүс ардчилал хэрэгжих боломжтой ч нийгмийн харилцаандаа хөнөөлт үр дагавар авчирдаг хэмээн сургадаг. Үүнтэй зэрэгцээд нийгмийн харилцаанд бүхий л цаг үеийн туршид ардчилал хэрэгжих боломжгүй гэж үзэх үзэл санааны дэг сургууль байсаар ирсэн. Энэ чиглэлийн төлөөлөгчид (….) аль ч шатны хүний нийгэмд «ангийн бодлого», өөрөөр хэлбэл ноёрхогч анги-цөөнх ангийн бодлого зайлшгүй хэрэгтэй гэсэн санааг гаргадаг. 

«Төр», «ард түмний засгийн газар», «үндэстэн» гэх мэт хийсвэр ойлголтоор дамжуулан олон түмний эрх мэдлийг угтуулан хамгаалах бурханд үл сүслэгч ардчилал бодит байдал бус, ердөө зарчим гэдэг нь ойлгомжтой. Язгууртний болон ардчилсан засаглалууд мөнхөд нэг нэгнээ ерөндөглөн орших тухай ардчиллын үзэл санаа нь өөрийн ноёрхлоо хадгалахаар чармайж буй урьдын цөөнх, ямар ч хамаагүй аргаар засаг төрийн эрх булаан авахаар санаархаж буй шинэ төрөн гарч байгаа цөөнх хоёрын тэмцлийг илэрхийлж буй нэг хэлбэр төдий юм. Тэдний үзсэнээр ангийн тэмцлийн үр дүнд олон түмнийг засаглах нэг анги нөгөөгөөр солигддог байна (….). 

Вильфрэдо Парэто (….) социализм нь ажилчин ангийн дотроос шинэ элит төрөн гарч, улс төрийн ангиа шинэчлэн тогтоох хамгийн таатай арга хэрэгсэл мөн гэж үзжээ. Чухамдаа бол (…) хуучин анги шинэ ангиар солигдож буй үзэгдэл бус, харин хуучин элитээ шинэ элитээр цус сэлбэж буй үйл явц юм гэжээ.

Энэ үзэгдэл хэн бүхэнд илэрхий байна. Элитийн иймэрхүү цус сэлбэлт улс төрийн хөрсөн дээр томоохон хэмжээний нэг нийгмийн анги ноёрхож буй үед боломжтой байдаг. (…) Бүх сөрөг хүчин, улс төрийн нам ноёрхогч намаа улс төрийн тавцнаас шахан гаргаж, байр суурийг нь эзлэх, өөрөөр хэлбэл нэг ангийг нөгөө ангиар халах, солих хүсэл эрмэлзлэлтэй байдаг. Харин ноёрхогч ангийн дотоод дахь тэмцэл эрт, орой хэзээ боловч ангийн дотоодод эрх мэдлийг зохистойгоор байршуулах, эсвээс ноёрхлоо хадгалахад чиглэгддэг байна. (…) 

Сэн-Симоны дэг сургууль анги хэмээх ойлголтыг эдийн засгийн агуулгаас бүрэн чөлөөлж ангигүй нийгэм цогцлоох зорилт өмнөө тавьж байсан. Тэд ангигүй нийгмээ цогцлоохын тулд төрмөл эрх мэдэлгүй ч, олдмол эрхийг олж авсан, удирдах чадвартай «нийгмийг хөгжилд түүчээлэх ухаалаг, хүчирхэг, нийтэч гоц хүмүүс»-ийг бий болгох хэрэгтэй гэж сургадаг. (…)

Сүүл үеийн нийгмийн хувьсгалчид олонхийн засаглалыг онол, практикт бүрэн үгүйсгэх болсон. Оросын эрдэмтэн Бакунин ажилчин анги, олон түмэн, ард түмэн эдийн засгийн хувьд хөрөнгөлөг ангиас хамааралтай байгаа нөхцөлд бүх нийтийн чөлөөт сонгуулийн эрх хуурмаг зүйл болдог учир сонгуульд ажилчид ямар нэгэн байдлаар оролцохын эсрэг зогсож байна. 

Хөрөнгөтний засаглал дотроос хамгийн муу засаглалын хэлбэр бол ардчилал юм. Хөрөнгөтний ардчиллын хамгийн дээд хэлбэр гэж бидний үздэг бүгд найрамдах засаг Прудоны үзсэнээр хамгийн увайгүй, үл гүйцэлдэх засаглалын хэлбэр аж. Энэ засаглал цорын ганц шалтгаанаар бүхнийг ял зэмгүй хийж болдог тийм эрх мэдлийн хэлбэр юм. Деспотизм бүгд найрамдах ёс, нийтийн эрх ашгийн нэрээр өөрийн эрх мэдлийг зөвтгөж байна. Ямар нэгэн улс төрийн шинж чанартай хувьсгал хүртэл нэг элитийг нөгөө элитээр сольж буй явдлаас өөр юу ч биш юм. 

Улс төрийн анги оршин байх асуудлаар хуучин, шинэ бүхий л онолтай мэтгэлцэж чадах цорын ганц шинжлэх ухаанч онол нь марксизм болно. Марксизм төрийг ноёрхогч ангитай адилтган үздэг. (…)

Ажилчин ангийн хувьсгалт шинжид итгэхийн ялдар үйлдвэрлэлийн хэрэгслийг нийгэмчлэх  хэрэгтэй гэж үзэх төрийн тухай марксист сургаал нь социалист нийгмийн байгууллыг нийгмийн хөгжлийн гарц хэмээн хардаг. Марксистуудын үзсэнээр үйлдвэрлэлийн капиталист арга нь хүн амын олонхийг гинжнээс өөр алдах зүйлгүй пролетари анги болгож хувиргах бөгөөд ингэснээр өөрийгөө булшлах ангийг бэлтгэж буй хэрэг юм. Пролетари анги боловсорч гүйцсэний сүүлээр улс төрийн эрх мэдлийг байлдан авч, хувийн өмчийг нийгэмчилдэг. Ангийн антагонизм устаж, төр оршин байх хэрэгцээ арилна. Ангиудад хуваагдах капиталист нийгэмд төр пролетари ангийг мөлжих, капиталист шинжтэй үйлдвэрлэлийн хэрэгслээ хадгалж үлдэхэд ноёрхогч ангид туслах хэрэгсэл болж байв. Харин төр устсанаар ноёрхогч ангийн ийм хэрэгцээ үгүй болно. 

Хуучин төрийн булшин дээр цэцэглэх ирээдүйн ангигүй, хамтач нийгэмд Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалд тусгагдаж, Руссогийн нийгмийн гэрээгээр томьёологдсон арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн тулд элит байх зайлшгүй хэрэгцээ, шаардлага үүснэ. 

Нэгэнт нийгэмчилсэн нийтийн баялагийг үр дүнтэй удирдахын тулд томоохон хэмжээний албан хаагчдын баг байлгах шаардлага гарч байна. Эндээс харахад ангигүй нийгэм цогцлоох үзэл санаанд эргэлзэх байдал үүсэх нь гарцаагүй. Хамтын эзэмшигч бүхий нийгмийн томоохон хөрөнгийг төвлөрсөн эрх мэдлийн тогтолцоогүйгээр үр ашигтай удирдаж, хянаж чадахгүй. Онолын энэхүү мухардлаас гарахын тулд марксистууд капиталист болон коммунист нийгмийн дунд төр пролетари ангийн хувьсгалт диктатураас өөрөөр байж болохгүй завсрын буюу социалист нийгмийг туулах ёстой гэж үздэг. Социализмийн нэрээр капиталист үйлдвэрлэлийн аргыг хөдөлмөрчин олны тусын тулд ашиглах социалист удирдагчид энэ үед байна гэжээ. 

Нэг хүний дарангуйлал мөн чанарын хувьд олигархи бүлгийн дарангуйллаас онцын ялгаа байхгүй. Гэхдээ «диктатур» гэх ойлголт «ардчилал» гэсэн ойлголтоос зарчмын ялгаатай. Ардчиллын нэрээр дарангуйлсан засаг эрх мэдлээ бататгана гэдэг нь дайны цагт хэрэгтэй зэвсэг техникээ базаах юм уу эсвэл хар тамхины эсрэг хар тамхиар тэмцэнэ гэдэгтэй агаар нэгэн болох билээ. Хамтын аргаар эрх мэдэл олж авсан бүлэг түүнийгээ хадгалах, тогтоон барихыг чухалчилдаг гэсэн үзэл санаа байна. (…) Гэхдээ нэг аюул нь хуурмаг олигархи тэгш ёсны нэрээр өөртөө эрх мэдлийн төвлөрүүлж, хуваарилалтын тэгш бус байдал үүсгэх хандлага мөнөөхөн бүлэг дотор мөнхөд хадгалагдаж байдгийг санах хэрэгтэй. (…)

Социализмийн асуудал бол зүгээр нэг баялаг хуваарилах, юм уу эсвэл үр ашгийг нэмэгдүүлэх шинж чанартай эдийн засгийн асуудал огтоос биш юм. Харин техникийн болон сэтгэл зүйн утгаараа ардчиллын, тэгэхлээр,  удирдлагын асуудал юм. (…)

Саяын бидний ерөнхий шинжээр өгүүлсэн социологийн үзэгдэл, үйл явцаас харахад ардчиллын тухайд шинжлэх ухаанч эргэлзээ үүсгэхэд хангалттай нотолгоо, баримт бүрдлээ гэж үзэж болох талтай. Соёлт хүн төрөлхтөн ноёрхогч буюу улс төрийн ангигүйгээр оршин тогтнох боломжгүй гэдгийг нотлон харуулах мэт. Хэсэгчилсэн байдлаар өөрчлөгдөж байсан ч гэсэн ноёрхогч анги дэлхийн түүхийн хөгжлийн түгээмэл шинж чанартай цорын ганц хүчин зүйл гэдэг нь харагдаж байна. Ингэхлээр, засгийн газар буюу төрийг нийгмийн үнэмлэхүй олонхид ноёрхол, мөлжлөгийн харилцаанаас үүдэлтэй эрх зүйн хэм хэмжээг тулган хүлээлгэхийг эрмэлзсэн цөөнхийн байгууллага төдий юм хэмээн тодорхойлж болох талтай. (…) Төр хэзээ ч олонхиос бүрдсэн, юм уу түүний төлөөллийн шинжийг өөртөө агуулж байгаагүй. Хүн төрөлхтөний ихэнх хэсэг, хараажаар, өөрийгөө удирдах чадваргүй байдаг. Олон түмэн тэрслэн босож хуучин засгаа ноёрхогч ангитай нь хамт устгалаа ч гэсэн боссон олон түмэн дотроос цөөн хүмүүс цойлон гарч, урьдын ноёрхогч ангийг үүргийг өөртөө хүлээдэг түүхэн зүй тогтолтой. Мөнхийн «нялхамсаг» өвчинд нэрвэгдсэн хүн төрөлхтөний олонх өөрсдийн дундаас бий болсон цөөнхдөө захирагдаж, олигархи засаглалын сүүдэрт дарагдаж явах тавилантай. 

Нэг ноёрхогч анги нөгөөгөөр солигдох зүй тогтол, олигархи хууль түүхэн үзэгдэл, үйл явцыг материалист утгаар ухан ойлгох явдалд харшилдаггүй, харин ч түүнийхээ суурь дэвсгэр болж өгдөг. Түүх бол тасралтгүй үргэлжлэх ангийн тэмцэл гэх юм уу эсвэл ангийн тэмцэл болбоос нэг ноёрхогч ангийг өөр нэг ноёрхогч анги халж буй үйл явц гэж тайлбарлах сургаалуудын дунд онцын ялгаа алга. Улс төрийн ангийг ойлгох марксист ойлголт мөн чанарын хувьд өнгөц, хуудгай шинжтэй. Улс төрийн ноёрхол нийгэмд өөрийгөө бататгахын төлөө тэмцэлдэх хүчнүүдийн харилцааны үр дүн болж тогтдог байна. (…)

Социалистууд ялж болно, гэхдээ социализм хэзээ ч ялдаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Ард түмэн өөрийн хүчийг гарздалгүй ноёрхогч ангийг сольж чадсандаа сэтгэл ханадаг. Ажилчин хүний нэр төр шинээр бүрдүүлэх засгийн газарт оролцох боломж олддогт оршино. Хэрэв ажилтан хүн богино хугацаанд харизм ханхлуулсан удирдагч болж чадахгүй бол энэ нь туйлын муу үзэгдэл, үйл явц болдог. Франц хэлэнд «ялна гэдэг ялагдахын нэр» хэмээсэн зүйр үг байдаг нь үүнтэй холбоотой болов уу.(…) 

Нам мөн чанарын хувьд нийгмийн юм уу эдийн засгийн байгууллага огтоос биш юм. Түүний үйл ажиллагааны үндэс нь мөрийн хөтөлбөр байдаг. Мэдээж хэрэг, нам онолын хувьд тодорхой нэг ангийн эрх ашгийг илэрхийлж болно. Гэхдээ бодит байдал дээр намыг хэн ч захиалдаггүй. Намын мөрийн хөтөлбөр тодорхой нэг хүний юм уу бүлгийн эрх ашигт нийцсэн байх албагүй. Тухайлбал, социал демократууд пролетари ангиын үзэл санааны туглагч байх нь олонтоо. Гэхдээ энэ чинь социал демократ нам ангийн байгууллага гэсэн үг хараахан биш бөгөөд нийгмийн харилцаанд янз бүрийн ангиудын төлөөлөл байх нь түгээмэл байдаг. Учир нь, уг намыг бүрдүүлэгч элемент бүр тодорхой утгаараа дахин давтагдахгүй эдийн засгийн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Намын мөрийн хөтөлбөр ангийн шинж чанартай байх нь дотоод нэгдлийг бусниулж болох талтай. Учир нь, намыг бүрдүүлэх зарим нэг элементүүд ангийн эрх ашигтай зөрчилдөх явдал байна. Ингэхлээр, намын дотоодод зөрчил үүснэ гэсэн үг юм. Социалистууд онолын хувьд ямар ч ялгаагүй, тодорхой нэг ангийн байр суурийг давуулаг байдлаар хүлээн зөвшөөрдөг. Пролетари ангийн хувьд ч мөн ялгаагүй, дээрхийн нэгэн адил шинжийг өөртөө агуулдаг байна. Гэхдээ энэ бүх зүйл ердөө л онолын шинжтэй гэдгийг санах хэрэгтэй.

Бодит байдал дээр хөдөлмөр, хөрөнгийн хооронд ашиг сонирхлын зөрчил үүслээ гэхэд, тэр нь намын мөрийн хөтөлбөр боловсруулж гаргахад саад болох ёсгүй. Нийгмийн дээд ангийн зарим төлөөлөгчид ажилчин ангид элэгтэй байх юм уу эсвэл ерөөсөө, намчирхах, ангичирхах хандлагаас бултах, булзайруулах чиг баримтлах тохиолдол байна. Ихэнх хэсгийнх нь хувьд эдийн засгийн талаасаа эсрэг тэсрэг сонирхол агуулах нь түгээмэл. Өөрөөр хэлбэл, ашиг сонирхлын зөрчилтэй байдаг гэсэн үг юм. Ашиг сонирхлын уг зөрчлийг намжаах, зөөллөх хэсэг нь зөрчилдөгч хоёр ангид үл хамаарах гуравдагч ангийн байр суурь байх ёстой. Хэрэв ийм байдал үүсэхгүй бол намын хөрөнгөлөг болон пролетари гишүүдийн дунд улс төрийн хэлбэрээр хувилсан эдийн засгийн ашиг сонирхлын зөрчил хурцдах талтай. Үзэл суртлын хэмжүүрт орсноор эдийн засгийн зөрчил улам бүр илэрхий болж эхэлдэг. Намын хөтөлбөрт «социалист» гэх үг орсон л бол жинхэнэ ангийн тэмцэл намын дотоодод өрнөнө гэсэн үг юм. (…)

Хаана, удирдагч хүн (хөрөнгөтөн ангиас юм уу ажилчин ангиас тодрон гарсан бүгд ялгаагүй) намын дотоод зохион байгуулалт эрхэлсэн нэгжээр ажиллана, тэнд эдийн засгийн эрх ашиг намын эрх ашиг болж биеждэг. Гэхдээ (…) энд нэг аюулыг нарийн сайн тооцож байх хэрэгтэй. Нам, намын зохион байгуулалт хөгжихийн хэрээр намын жирийн гишүүд болон намын удирдлагын хооронд үзэл бодлын эсрэг тэсрэг байдал газар авдаг жамтай. Намыг түүнийг бүрдүүлэгч олон түмэнтэй юм уу ангитай адилтган үзэж болохгүй. Нам бол ердөө л зорилгодоо хүрэх арга, хэрэгсэл төдий юм. Нам өөрөө өөрийнхөө зорилго, ашиг сонирхол болсон тохиолдолд төлөөлөл болсон ангиасаа алсран холддог зүй тогтолтой. (…)

Хөдөлмөр хуваарилалтын үр дүнд үүссэн аливаа байгууллага батжин бэхжихийн хэрээр өөрөө өөртөө ашиг сонирхол, эрх ашиг бий болгодог нийгмийн хувирашгүй зүй тогтол гэж байна. Байгууллагын дотоодод бүрэлдэн бий болсон тэрхүү эрх ашиг өөрт хандах тэрслүү үзэл бодлыг дотроо нэгтгэж байдаг. Үр дүнд нь, бүтцийн хувьд янз бүрийн эрх ашгийн төлөөлөл болсон байгууллага бүрэлдэн тогтдог ёстой. Тодорхой нэг эрх ашгийг тугчилсан байгууллага, тэр дундаа нам гэж байдаггүй, байх ч боломжгүй юм. 

(…) Улс төрийн хувьд зохион байгуулалтад орсон олон улсын ажилчны хөдөлгөөний удирдагчид ихэнхдээ парламентын гишүүдээс бүрдсэн байдаг. (…)

Өнөөгийн социал демократ намууд парламентын гишүүдээр удирдуулж байгаа нь уг хөдөлгөөн, нам улам бүр парламентын шинж чанартай болж байгааг илтгэн харуулж байна. Нам хамгийн нэр хүндтэй албандаа өөрийн гишүүдээс мэдлэг чадвартай нэгнээ өргөн мэдүүлж, төлөөлүүлэн томилдог. Энэ нь ч цаанаа үр дүнтэй гэж үзсэнийх. Нам доторх парламентын гишүүдийн нэр хүнд, жин нөлөө дээшилж байгаа нь дараах хоёр шалтгаантай холбоотой байна. Нэг талаас, албан тушаалд очихийн хэрээр намын олон нийтээс, ингэхлээр, намын удирдлагаас бие дааж эхэлдэг. (…) Нам ердөө л өөрийн гишүүнээ өргөн мэдүүлэх үүрэгтэй болж хоцордог. Парламентад сонгогдсон намын гишүүд сонгогчдоос, тэр дундаа сонгогчдыг бүрдүүлэх зохион байгуулалтгүй олон түмнээс хамааралтай болдог байна. (…)

Өнөө үед намын олон нийт, энгийн гишүүдийн үзэл бодолд ч өөрчлөлт орж, намын удирдлагадаа гэхээсээ илүүтэйгээр парламентад сууж буй намын гишүүддээ голлон анхаарах болжээ. Өөрөөр хэлбэл тэд намын удирдлагадаа гэхээсээ илүүтэйгээр парламент дахь намын гишүүддээ татагдах болсон байна. Олон асуудлыг хууль, эрх зүйн хувьд шийдвэрлэх эрх тэдэнд байна гэдгийг олон нийт ойлгож байх шиг. (…)

Олон асуудлыг бие даан шийдвэрлэх эрх олсон парламент дахь намын бүлгийн гишүүд өөрсдийгөө намаас дээгүүр, намын дээр байж, шийдвэр гаргаж байх ёстой гэж үзэх болжээ. Парламент дахь социал демократ бүлгийн гишүүд Германид өөрсдийн намын бүлгийн хурлаа харьцангуй бие даасан байдлаар хийхийг зорьж байгаагаас дээрхийг ойлгож болох мэт. (…)

Социалист ч бай, хөрөнгөтөн ч бай, парламентын гишүүд тодорхой эрхтэй болсноор, хаалттай корпорацийн шинжийг олж, намаасаа улам бүр хөндийрч эхэлж байна. Тухайлбал, Германы Рэйхстаг дахь социал демократ намын бүлэг намын бодлогынхоо суурь үндсийг өөрсдөө боловсруулж байх ёстой гэж үзэх болсон байна. (…)

Үйлдвэрчний эвлэлд бий болсон байгууллагын зохион байгуулалтын олигархи хандлагыг улс төрийн намуудад шатлан өргөжүүлэх сонирхолтой удирдагчид ч цөөнгүй байна. 

(…) Намын гишүүдийн дотор байх боловсрол, чадварын тэгш бус байдал нь чиг үүргийн хуваарилалтад хүчтэй нөлөөлж байна. Удирдагчид олон нийтээс холбоо тасарч, олон түмэн бодит үйл хэргээс хөндийрөх болсон. Аливаа асуудлыг ухаалаг, оновчтойгоор шийдвэрлэх намын сэхээрэлт цөөнх ямар учраас өөрийн гэсэн үзэл бодолгүй мунхаг олныг дагах ёстой юм бэ гэх үзэл санаа ч бий болох болсон. Тиймээс намын удирдлагууд намын гишүүдийнхээ үгийг үл хэрэгсэх юм уу эсэргүүцэх, ёс төдий хандлага гаргах байдал илэрхий ажиглагдаж байна. Намын дотоодод шууд санал хураалтыг оролсон ойлгоход төвөгтэй бюрократи бүтэц үүсэх болсон. (…)

Намын дотоодод олигархи эрх мэдлийг хумих боломж ойрын ирээдүйд огт харагдахгүй байна. Удирдагчдын бие даасан байдал нэмэгдэхийн хэрээр албан тушаалтан халах, солих, сонгох байдал ёс төдий зүйл болж хувирав. (…)

Ардчилал тирани засаглалтай тун аятайхан хослох чадвартай. Олон түмэнд эрх мэдлийн үндсэн цөм агуулагддаг гэж үзэх боловч харамсалтай нь, бодит байдал дээр тийм биш байна. (…)

Ардчилсан бус зан чанартай удирдагчид өөрсдийгөө ард түмнээс сонгогдсон хэмээн зөвтгөх болжээ. Өнөөг хүртэл ард түмэн өнөө л удирдагчдаа сонгож, бидний төлөө ажиллах хүмүүс гэж үзсээр байна. Хуучин язгууртны нийгэмд эрх баригчийн хүсэл сонирхолтой эс нийцвээс бурханд тэрсэлсэн хэрэг гэж үздэг байв. Харин өнөөгийн ардчилсан нийгэмд цорын ганц дүрэм мөрдөгдөж байна: Хэн ч олигархи удирдлагын шийдвэрийг үгүйсгэж болохгүй. Учир нь, ард түмэн өөрсдөө тэднийг сонгосон учир эсэргүүцэж, үгүйсгэвэл өөрийгөө тэрсэлсэнтэй адил хэрэг болно.  (…)

Ардчилсан засгийн үед удирдагчид өөрийн дарангуй эрхээ ард түмний засаглал нэрээр халхавчилдаг жамтай. Намын удирдлага бүр жирийн гишүүдээсээ алсран холдож, тэднийг үгүйсгэж байна.  (…)

ОРЧУУЛГЫН ЭХ СУРВАЛЖ: М. А. ВАСИЛИКА. 2000. ХРЕСТОМАТИЯ ПОЛИТОЛОГИЯ, М, ИЗД-ВА “ГАРДАРИКА”, С. 540-551.

 

МОНГОЛЧИЛСОН: МУИС-ИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР 

 



[1] Энэ бүтээлийг туурвихад хүргэсэн нөхцөлийн талаар энд дурдсуу. Миний бие 1908 оны тавдугаар сард Брюссель хотноо Шинэ үеийн их сургуульд Ардчилал, социализмын тухай хэд хэдэн лекц уншсан юм. Сүүлд тэдгээрийг Robert Michels, “L’oligarchia organica costituzionale. Nuovi studi sulla classe politica”, La Riforma sociale. Rassegna di Scienze Sociali e Politiche, a. XIV, vol. XVIII, fasc. 12, dicembre 1907, p. 961–983 нэртэйгээр, харин герман хэлнээ өргөтгөсөн байдлаар Robert Michels, “Die oligarchischen Tendenzen der Gesellschaft. Ein Beitrag zum Problem der Demokratie,” Archie fur Sozialwissenschaft und Sozialpolitik, Bd. 27, H. 1, s. 73-135 гэх нэрийн дор тус тус нийтэлсэн. Мөн 1909 оны нэгдүгээр сард Грац, Вена дахь социологийн нийгэмлэгт “Намын зохион байгуулалтын консерватив үндсүүд” нэртэй илтгэл танилцуулсан бөгөөд сүүлд герман хэл дээр Robert Michels, “Der konservative Grundzug der Parteiorganisation,” MonatsschriftfurSoziologie, 1. Jg., April-Mai, Sonderdruck, s.228–236, 301–316, харин итали хэл дээр Robert Michels, “La democrazia e la legge ferrea dell’oligarchia,” Rassegna Contemporanea, vol. Ill, No. 5, p. 250–283 гэх нэртэйгээр тус тус хэвлэгдсэн болно. Турины Их Сургуульд танилцуулсан миний лекц түүхэн үйл явцад хүмүүсийн хамтын үйл ажиллагааны гүйцэтгэх үүрэг, тэрчлэн улс төрийн намуудын судалгаа байсан юм. 1909 оны аравдугаар сард миний бие Турин хотноо Хөдөлмөрийн танхимд “Хуучны хэлбэрүүд ба социализмын шинэ үзэл танилт” сэдвээр лекц уншсан бөгөөд сүүлээр Robert Michels, “La crisi psicologica del socialismo,” Rivista italiana di sociologica, vol. XIV/III–IV, p. 365–376 гэх өөр нэршилтэйгээр хэвлэгдсэн. Судалгааны суурь болсон бүтээлүүдийг жагсаах нь нэг талаас, бүтээлд ишлэгдсэн зохиолуудыг эмхэлж цэгцлэхэд, нөгөө талаас, сонирхсон уншигчдад энд дурдаж буй ойлголтын талаар илүү нарийвчилсан мэдээлэл олж авахад тустай гэж бодсон болно.

[2] Leipzig 1889. Duncker u. Humblot. p. 38.

[3] Хэмжээт цаазат эзэн хааны ёс дээрх зарчмын мөн чанарыг баллаж буй өнөө бидний үеийг бодвол XVIII зууны сүүл үед эдгээр ойлголтыг илүү нарийвчлан тодорхойлсон байдаг. «Хүрч боломгүй хаан сэнтий, олон мянган түшмэд, хатуу гэсгээл хүлээлгэхэд бэлэн ялагдашгүй арми, дийлдэшгүй засгийн нүд гялбам гэрэлд суурилсан боолын айдас эзэн хаант засаг үр дүнтэй оршин байж, дарангуйлагч, сатрапууд өөрсдийгөө аюулгүй хэмээн мэдрэх цорын ганц шалтгаан болж байв. Зарим тохиолдолд өмнөх бүх харилцаа, холбоог таслан зогсоож, мэргэн ухаан, уудам сэтгэлээр шинэ хаант улсаа удирдах агуу Кир лугаа адил чөлөөлөгч илгээх золгүй тавилан тулгарч байсан. Гэвч иймэрхүү байдал харьцангуй цөөн тохиолдох бөгөөд үүссэн сайн сайхан байдал түр зуурын шинжтэйн зэрэгцээ муу муухай бүхний суурь эх үндэс амь бөхтэй хадгалагддаг байна. Үүний уршигт үр дагавар сайн сайхан захирагч төрөн гарах бололцоог үгүй хийдэг» (Christoph Martin Wieland, “Eine Lustreise ins Elysium,” Sämtliche Werke von Christoph Martin Wieland. Bd.I. Wien: F.A. Schrämbl, 1803, s. 209).

[4] J. J. Rousseau, “Le Contrat Social. 6. Edit. Paris: Biblioteque Nationale, 1871, p. 91.

[5] Консерватизмын мөн чанарын тухай илүү сонирхолтой дараах судалгааг үзэж болох юм. Oskar Stillich, Die politischen Parteien in Deutschland. Leipzig: Klinkhardt, 1909, p. 18.

Comments

Popular posts from this blog

САМУЭЛ ХАНТИНГТОН "АРДЧИЛАХ ҮЙЛ ЯВЦЫН ИРЭЭДҮЙ: ТҮРЭЛТЭЭС БЭХЖИЛТЭД"

САМУЭЛ Ф. ХАНТИНГТОН "ЗЭВСЭГТ ХҮЧИН БА АРДЧИЛАЛ: ЦЭРЭГ-ИРГЭНИЙ ХАРИЛЦААГ ШИНЭТГЭН ТОГТООХУЙ"

САМУЭЛ Ф. ХАНТИНГТОН "СОЁЛ ИРГЭНШИЛ ХООРОНДЫН ЗӨРЧИЛДӨӨН ҮҮ?"