СҮН ЯТСЭН ''ТАВАН ЭРХ МЭДЛИЙН ҮНДСЭН ХУУЛЬ''

 

СҮН ЯТСЭН

(1866-1925 он) болбоос Хятадын улс төрийн зүтгэлтэн, Манж Чин улсын ноёрхлоос Хятад үндэстнийг чөлөөлөх зорилго бүхий хувьсгалт байгууллага – Нэгдсэн холбоо, Хятадын сэргэн мандалтын холбоог үүсгэн байгуулагч нэгэн. Сүүлд түүний чармайлгаар Хятадын үндэсний нам (Жүнго Гоминдан) байгуулагдсан нь өнөөдрийг хүртэл Бүгд Найрамдах Хятад улсад оршин байна. 1911 оны хувьсгал ялсны дараа Бүгд Найрамдах Дундад Иргэн Улсын түр ерөнхийлөгчөөр сонгогдсон.

Сүн Ятсэн хүн төрөлхтний улс төрийн сэтгэлгээний түүхэнд ардын гурван зарчим, таван эрх мэдлийн үндсэн хуулийн үзэл санааг асаасан гэдгээр нэр цолгорч үлдсэн байдаг. Ардын гурван зарчимд үндэсний үзэл санаа, ард түмний сайн сайхан байдал, ардын эрхт засгийн зарчим багтдаг байна. Үндэсний үзэл санаа нь Хятадын бүх үндэстний эрх тэгш байдал болон империализмийн эсрэг тэмцлийн үзэл санаагаар илэрдэг байна. Харин ард түмний сайн сайхан байдал нь хөдөө аж ахуйн шинэтгэл хийх, улс орноо аж үйлдвэржүүлэх санаа болно. Ардын засгийн зарчим нь таван эрх мэдлийн үндсэн хуулийн сургаалтай шууд холбогддог.

Сүн Ятсэний үзсэнээр, дэлхийн ихэнх улс оронд хэрэгжиж буй гурван эрх мэдлийн тогтолцоо нь ардчилсан институтын хэвийн ажиллах нөхцөлд хангалтгүй бөгөөд энэ ч утгаараа шалгалтын болон хяналтын гэсэн эрх мэдлийн хоёр хэлбэр шаардлагатай болдог байна.

Энэ бүхнээс гадна, Сүн Ятсэн авгай хүчтэй тоталитари юм уу авторитари уламжлалтай оронд ардчиллыг тогтоох үйл явц нийгмийн эрс тэсрэлтээс зайлсхийж, аажим алгуур хийгдэх учиртай гэжээ. Чухам үүнтэй холбоотойгоор цэргийн засаглал, улс төрийн өмгөөллийн засаг, үндсэн хуульт засаг гэсэн засаглалын гурван үе шатын үзэл санаа урган гардаг байна.

Сүн Ятсэний зохиол бүтээлийг дэлхийн олон орны хэлнээ урин хөрвүүлжээ. Тайваньд түүнийг “улсын эцэг” хэмээн хүндэтгэж, үзэл санааг нь төрийн албан ёсны номлол болгосон байдаг. Сүн Ятсэний Хятадын улс төрийн сэтгэлгээнд оруулсан хувь нэмрийг өнөөдөр ч БНХАУ-д өндрөөр үнэлдэг байна.

Монгол хэлнээ Сүн Ятсэний улс төрийн үзэл сургаалыг урин монголчилж, судалгааны эргэлтэд оруулах эхлэлийг тавьсан МУИС-ийн ШУС-ийн гэрган, доктор, профессор Тулгат овогт Галсанпилжээгийн Цэнд-Аюуш эрхэм авгайн сүмбэр уул мэт сүрдэм, сүн далай гүн гавьяат үйлсэд хомс шавь сүслэн залбирмуй. Эрхэм багшид номын үйл далай мэт арвидаж, зуу наслан, зургаадай таягаа тулах ерөөлийг өргөж, бичвэрийг цэглэв (Бичвэрийг урьж, монголчилго хийсэн МУИС-ийн докторант Нямаагийн Отгонбаяр).

ТАВАН ЭРХ МЭДЛИЙН ҮНДСЭН ХУУЛЬ

(1924 он)

Өнөөдрийн бидний ярианы сэдэв таван эрх мэдлийн үндсэн хууль байх болно. Таван эрх мэдлийн үндсэн хуулийн үзэл санааг миний бие дэвшүүлж байна. Урьд өмнө нэг ч улс оронд энэ мэт үзэл санаа гарч байсангүй.

Сүүлийн хоёр зуун жилийн туршид дэлхий дахины улс төрийн сэтгэлгээ үндсэн хуульт засаглалын хүрээнд хөгжиж байгааг бид бүхэн мэдэх билээ. Сүүлийн арав, хорин жилд “үндсэн хуульт засаг” гэх илэрхийлэл бидний хувьд энгийн зүйл болж хувирлаа. Ингэхэд үндсэн хууль гэж юуг хэлэх вэ? Энгийн төвшинд авч үзвэл, үндсэн хууль гэдэг нь улсын доторх улс төрийн эрх засаглалыг өөрийн гэсэн тусгай шинж бүхий бөгөөд харилцан нэг нэгнээсээ хараат бусаар орших хэд хэдэн хүрээнд хуваарилсан хуулийг хэлнэ. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй үндсэн хуулиар дэлхийн улс орнуудын улс төрийн засаглал гурван хүрээ буюу тэдний өөрсдийнх нь хэлсэнээр, гурван эрх мэдэлд хуваарилагдаж байна. Урьд өмнө нэг ч үндсэн хуулийн хүрээнд таван эрх мэдлийн зарчмыг гаргаж байсангүй. Таван эрх мэдлийн үндсэн хуулийг миний бие анх удаа боловсруулсан болно. Олон хүмүүс энэ үзэл санааны үндэс чухам юунд оршино вэ гэдгийг тэр бүр нарийн ойлгож чаддаггүй. Үнэнийг хэлэхэд, миний бие олон орны үндсэн хуулийг судалсны эцэст энэ санааг гаргасан юм. (...)

Хувьсгалын үйл хэргийг миний бие гуч гаруй жил эрхэлж байна. Гуанжоу дахь бослого дарагдсаны дараа миний бие хилийн чанадад цагаачилсан. Гэхдээ ялагдал намайг хэзээ ч мохоож байсангүй. Би хувьсгалын үйл хэргээ үргэлжлүүлсээр байсан билээ. Эрэл хайгуул хийх явцдаа миний бие хувьсгал ялсны дараа манай улсыг байгуулахад хэрэг болохуйц мэдлэг бүтээх үүднээс олон улсын улс төрийн тогтолцооны хөгжлийн чиг хандлага, эх сурвалж, алдаа, оноог судалсан юм. Хилийн чанадад цагаачилж явахдаа олон улсын үндсэн хуулийг судлаад тэдгээр тусгагдсан гурван эрх мэдлийн зарчим төгөлдөр бус гэсэн дүгнэлтэд хүрсэн билээ. Уг дүгнэлт надад үндсэн хуулийн өмнөх алдаа, дутагдлыг сайжруулсан таван эрх мэдлийн үндсэн хууль боловсруулах санаа өгсөн юм. Таван эрх мэдлийн үндсэн хуулийг миний бие өөрөө боловсруулсан гэдгийн учир нь энэ юм.

Манай гараг дэлхий дээр хамгийн анх Америкийн Нэгдсэн Улс үндсэн хуулиа тунхагласан билээ. Английн дарлалын эсрэг тэмцсэн Америкийн хувьсгалын үр дүнд тэнд гурван эрх мэдлийн үндсэн хууль батлагдаж, бүгд найрамдах засаг тогтсон. Уг үндсэн хуулийг бичмэл гэж нэрлэдэг. Төр, ард түмний сайн сайхан байдалд суурилсан зарчмыг төгс боловсруулсан гэж үздэг. Энэ ч үүднээс бусад улс үндсэн хуулиа боловсруулахдаа америкийн үндсэн хуулийг үлгэр, загвар болгон ашигладаг. Ач холбогдол нь үнэхээр агуу учир түүнийг нарийн судлахыг миний бие үгүйсгэхгүй. Өөрийн үндсэн хуулийг тунхаглах явцдаа Америкчууд манай үндсэн хууль дэлхийн хамгийн шилдэг нь гэж нэгэн дуугаар мэдэгдсэн. Английн улс төрийн зүтгэлтнүүд хүртэл хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу үндсэн хууль хэмээн үнэлсэн байдаг. Америкийн үндсэн хууль тийм агуу юм гэж үү? Олон үзэл онолын үүднээс харьцуулж, түүхчлэн судалсны дүнд миний бие америкийн үндсэн хуульд багагүй алдаа, дутагдал байна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Америкийн үндсэн хуулийг судалсан Европ, америкийн олон эрдэмтэд надтай ижил санал дэвшүүлсэн байдаг. Америкийн үндсэн хуулийг судлахдаа миний бие гүн хүндэтгэлтэй хандсан юм. Гэсэн ч надад дээрх дүгнэлтийг хийхэд саад болоогүй гэдгээ дурдсуу. Сүүлийн үед хүмүүс америкийн үндсэн хуулийн төгөлдөр бус байдал, алдаа, дутагдлыг ойлгох болжээ. Ингэхлээр, хоёр зуу шахам жилийн өмнө төгс төгөлдөр байсан зүйл өнөөдөр өөрөөр үнэлэгдэх болсон байна.

Америкийн үндсэн хуулийг судлах явдцаа миний бие түүнд агуулагдах алдаа, дутагдлыг давтах зорилго тавиагүй юм. Америкийн эрдэмтэд ч өөрийн үндсэн хуулийг төгөлдөржүүлэх санаа гаргаж байна. (...)

АНУ-д үндсэн хуулиа төгөлдөржүүлэхийг зорилгоо болгосон хүмүүс ч бий болсон. Гэхдээ тэдний зүгээс дэвшүүлж буй арга тийм ч төгс байж чадахгүй байна. Учир нь Америкийн олон мужийн улсын албан тушаалтнууд сонгуулийн журмаар сонгогддог. Гэтэл сонгууль гэдэг чинь эрх мэдлээ хортойгоор ашиглах таатай хөрс бүрдүүлж өгдөг нарийн, ээдрээтэй үйл явц юм. Эрх мэдлээ хортойгоор ашиглах байдлыг багасгахын тулд ард түмний сонгуулийн эрхэд хязгаарлалт хийх шаардлага үүснэ. Тухайлбал, сонгуульд оролцохын тулд хөрөнгөтэй байхыг шаардсан сонгуулийн хязгаарлалт тавих жишээтэй. Хөрөнгөгүй хүмүүсийн сонгуулийн эрхийг хасна гэсэн үг шүү дээ. Энэ төрлийн хязгаарлалт нь эрх чөлөө, тэгш байдлын тухай өнөөгийн үзэл санаатай зөрчилддөг. Ийм сонгуульд эрх мэдлээ хортойгоор ашиглах явдал бүр ч ихэснэ. Учир нь сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь илүү нийцтэй гэдгийг тодорхойлоход төвөгтэй болно. Эндээс сонгогчдод тооны хязгаарлалт хийх нь алдаа, дутагдлыг даван туулах үр дүнтэй арга биш гэдэг нь харагдаж байна. Хамгийн сайн арга нь хүн амд бүхэлд нь сонгуулийн эрх олгохын зэрэгцээ нэр дэвшиж буй нэгэнд хязгаарлалт тавих явдал юм. Ийм сонгуулийг бүх нийтийн гэж нэрлэж болох бөгөөд олон улсын ард түмнүүд түүний төлөө идэвхтэй тэмцэж байна.

Хэнийг сонгох вэ гэсэн асуултад хариулт эрэлхийлэхгүйгээр сайн сонгууль зохион байгуулах бололцоотой гэж үү? Бүх нийтийн сонгуулийн үед тодорхой хэмжүүр тавихгүй бол эрх мэдлээ хортойгоор ашиглах явдлаас зайлсхийх аргагүй. Сонгогдохын тулд тодорхой хөрөнгөтэй байх ёстой гэдгийг тогтоочихья. Миний үзэж буйгаар хууль тогтоох хурлын гишүүн юм уу эрх бүхий албан тушаалтан болохын тулд тухайн ажлын байранд шаардлагатай ёс суртахууны шинж, авьяас юм уу, эсвэл, чадвартай байх ёстой. Хууль тогтоох хурлын гишүүн юм уу эрх бүхий төрийн албан хаагч болохын тулд ёс суртахууны шинж, авьяас юм уу, эсвэл, чадварын алин ч шаардлагагүй, зөвхөн мөнгийг чухалчлан үзвэл тэр хүний үйл ажиллагааны үр дүнг тааварлахад ядах юмгүй. Ёс суртахууны шинж, авьяас чадвар бүхий хүмүүсээс хамгийн сайн тавин хүнийг сонгох шаардлагатай гэж бодьё. Тэгвэл сонгогдох учиртай хамгийн сайн хүнийг хэрхэн таних вэ?

Хятадад бид эртнээс нааш хамгийн шилдэг арга – шалгалтыг авч хэрэгжүүлсээр ирсэн. Эрхэм хүмүүсийг албанд зүтгүүлэхийг эрмэлзсэн эзэн хаад төрийн албан тушаалд нийцэх нэгнийг өөрсдөө олж, тэнгэрийн доорх чадвартныг хэрэглэсээр иржээ.Чадвартныг сонгон шалгаруулах нь эзэн хааны онцгой эрх мэдэлд харьяалагдаж байв. Хаант засаглалын үед албан тушаалд шалтгалтгүйгээр орчих боломжтой байсан бол бүгд найрамдах засгийн үед шалгалтын тогтолцоо нэн шаардлагатай болжээ. Миний зүгээс эрх мэдлийн гурван хэлбэрээс гадна шалгалтын гэх дөрөв дэх хэлбэрийг чухалчилж үздэг нь үүнтэй холбоотой. Шалгалтын тогтолцоо нь сайн тогтолцоо юм. Хилийн чанадад цагаачилж явахдаа миний бие олон орны үндсэн хуулийг судлаад шалгалт нь алдаа, дутагдлаас зайлсхийх, түүнийг даван туулах хамгийн шилдэг арга болно гэсэн үнэнд тулсан юм. Энэ бол гадны эрдэмтдээс зээлбэрлэсэн бус, харин миний өөрийн боловсруулсан санаа болно. Миний үзэж буйгаар, шалгалтын эрх мэдэл үндсэн хуулийн үр дүнтэй байдалд садаа болох алдаа дутагдлыг арилгах боломж олгож, түүнийг чамбайруулж өгдөг. (...)

Хятадыг баян, хүчирхэг, бяд суусан улс болгохын тулд юу хийх ёстой вэ? Үүний тулд таван эрх мэдлийн үндсэн хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай. (...) Ямар учраас бид таван эрх мэдлийн үндсэн хуулийг хэрэгжүүлэх ёстой вэ? Энэ асуултад хариулт эрэлхийлэхийн тулд бид бүхэн олон мянган жилийн туршид хөгжиж ирсэн улс төрийн байгууллын хэлбэрүүдийг авч үзэх хэрэгтэй болно. Улс төрд эрх чөлөөнд эрмэлзэх, дэг журмыг дээдлэх гэсэн хоёр хүч байна. Үүнийг физик дэх төвд тэмүүлэх болон төвөөс дайжих хүчтэй зүйрлэж болох юм. Эхний хэсгийн нөлөөгөөр биет төвөөс дайжих бол, хоёр дахь хэсгийн нөлөөгөөр төвд тэмүүлнэ. Хэрэв төвөөс дайжих хүч хэтэрхий их бол биет сарниж, нэгдсэн цул шинжээ алдана. Харин төвд тэмүүлэх хүч хэт ихэсвэл биет агшина. Хоёр хүч тэнцвэртэй байх үед биет хэвийн хэмжээнд оршино. Нийгэм гэгч үүний нэгэн адил юм. Хэт их эрх чөлөө засаггүй байдалд хүргэх бол хэт хатуу зам дарангуйлалд дөтөлнө. Бусад орнуудын нэгэн адил Хятад дахь улс төрийн өөрчлөлт нь олон мянган жилийн туршид тэнцвэрт байдал алдагдсанаас үүдэн гарч байв. Гэхдээ Хятадын улс төрийн байгуулал бусад орнуудыг бодвол арай өөр замаар хөгжсөн юм. Хятадад улс төрийн хөгжил эрх чөлөөнөөс дарангуйлалд шилжих замаар явагдсан бол бусад орнуудад эсрэгээрээ байсан билээ. (...)

Хятадад улс төрийн хөгжил эрх чөлөөнөөс дарангуйлалд шилжих замаар явагдсан талаар өмнө нэгэнт дурдсан билээ. Нэн эрт үед Хятадад Яо, Шүн нар засаглаж ахуйд хүмүүс өөр өөрийн ажил хэргээ эрхэлж, эвтэй найртайгаар, эрх чөлөөтэй оршин амьдарч байв. (...)

Бидний түүхийн энэ баримтыг үл ухах гадныхан хятадууд эрх чөлөөний давуу талыг мэдэхгүй бөгөөд үүний талаар боддог ч үгүй хэмээн бичдэг. Үнэндээ, тэд Хятадын ард түмэн Яо, Шүн нарын үед эрх чөлөөтэй байж, хожим Жоу улсын үед татгалзан, Цин Ши Хуанди хаан ширээнд сууснаар дарангуйлал гүн бат тогтсон талаар юу ч мэддэггүй. (...)

Одоо бүгдээрээ үндсэн хуулийн эх сурвалж руугаа эргэн орье. Үндсэн хуулийн эх орон бол Англи улс юм. Хувьсгалын дараа англичууд вангийн засгийн хүлээн авч эрх мэдлийн гурван хэлбэр зэрэгцэн орших улс төрийн уламжлалыг бий болгосон. Өгүүлэн буй үед англичууд эрх мэдлийн гурван хэлбэрийг бодит утгаар нь хүлээн аваагүй юм. Тэд эрх мэдлийг нэгдмэл цул байдлаар авч үзэж байлаа. Хожим Францын эрдэмтэн Монтескье “Хуулиудын амин сүнс” нэртэй бүтээл гаргасан. Түүндээ Английн улс төрийн уламжлалд тулгуурлан эрх мэдлийн гурван хүрээ хараат бусаар зэрэгцэн орших тухай сургасан. Төрийн засаглал хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд хуваарилагдана гэж үзсэн. Ийнхүү эрх мэдлийн гурван хүрээний зарчмыг Монтескье боловсруулсан юм.

Англи дахь улс төрийн засаглалын хуваарилалт энэ зарчимд нийцэж байсан боловч улс төрийн нам хөгжиж, бэхжихийн хэрээр төрийн засаглалын шинж чанар дахин өөрчлөгдөх болсон. Өнөөдөр эрх мэдлийн гурван хүрээ хараат бус оршихоо больж, нэгдмэл шинж чанартай болсон. Орчин үед Англи дахь улс төрийн дэглэм улс орныг улс төрийн намууд удирдах намын тогтолцооны засаглал гэж нэрлэгдсэн парламентын дэглэм, парламентын диктатур болсон.

Монтескье эрх мэдлийн гурван хүрээний зарчмыг томьёолсны дараагаар Америкт хувьсгал өрнөсөн. Хувьсгал ялалтад хүрсний дараа тэнд боловсруулагдсан үндсэн хуулийн суурь нь Монтескьегийн сургаал болж байв. Уг үндсэн хууль товч тодорхой, хоёрдмол утга санаа, илэрхийлэлгүй бичигдсэн юм. Дараа нь шинэчлэлийн явцад Японид, хувьсгалын үр дүнд Европын олон улсад америкийн үндсэн хуулийг загвар болгосон олон үндсэн хуулиуд гарсан. (...) Бидэнд ч гэсэн гурван эрх мэдлийн үндсэн хууль байсан бөгөөд дараах хүснэгтээс илүү тодорхой харж болох юм.

ХЯТАДЫН ҮНДСЭН ХУУЛЬ                                     БУСАД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ


Шалгалтын эрх мэдэл

Хууль тогтоох эрх мэдэлд хяналтын эрх мэдэл харьялагдана

Эзэн хааны эрхэд хууль тогтоох эрх мэдэл хамаарна

Гүйцэтгэх эрх мэдэлд шалгалтын эрх харьяалагдана

Хяналтын эрх мэдлийг шүүх эрх мэдэл хэрэгжүүлнэ

Шүүх эрх мэдэл

 

 

Дээрх хүснэгтээс үзэхэд Хятадад улс төрийн засаглалыг эзэн хааны, шалгалтын болон хяналтын эрх мэдэл хуваарилсан өөрийн гэсэн үндсэн хууль байсан нь илэрхий байна. Гэвч эзэн хааны гарт хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл төвлөрч байжээ. Хятадад оршин байсан эрх мэдлийн гурван хүрээнээс шалгалтын эрх мэдэл хамгийн чухал, үр дүнтэй нь байлаа. Мужуудад шалгалт явагдаж буй үед шалгалт авах байрны хаалга бүрэн хаалттай байдаг байв. Шалгагч түшмэд ажлыг үнэлэхдээ хувийн харьцааг удирдлага болгохгүй, шалгуулагчтай харилцахгүй, өөрийн үүргээ чигч шударгаар биелүүлэх ёстой. Хятадад шалгалт хэр хариуцлагатай явагдаж байсныг өөрсдөө төсөөлөөд үз. Хожим энэ практик муудаж, эрх мэдлээ хортойгоор ашиглах явдал ихэссэн.

Хяналтын эрх мэдлийн хувьд эзэн хаант байгууллын үед Хятадад тухайлбал, Тан улсад татвар хураагч түшмэл, Цин улсад ордны хянагч түшмэл гэхчлэн тусгай түшмэд хэрэгжүүлдэг байв. Тэргүүнээрээ эрсдэл үүрэх эдгээр хүмүүс алдаа гаргасан тохиолдолд эзэн хаанд хүртэл айлтгах үүрэгтэй байв. Алгачлах бодол тээдэггүй, хатуу зан чанартай байснаараа гойд ялгарч байжээ. (...) Эрх чөлөөг эрхэмлэх, дэг журмыг хүндэтгэх хоёр хүч харилцан тэнцвэртэй орших тухай миний бие өмнө нэгэнт өгүүлсэн билээ. Тэдгээрээс алийг нь ч туйлчлан үзэж болохгүй. Тэдгээрийн хооронд физик дэх төвөөс дайжих болон төвд тэмүүлэх хүч лугаа тэнцвэрт байдал тогтох ёстой. Эс бөгөөс хэвийн байдлыг хадгалж эс чадна. Хоёр хүч тэнцвэртэй оршиж, зөв хослуулсан тохиолдолд манай ертөнцийн бүхэн бат нот, харилцан найртай орших зүй тогтолтой.

Үндсэн хуулийг машинтай зүйрлэж болох байна. Үзэл бодлоор тэрсэлдсэн хүмүүст миний харьцуулалт хачин санагдаж болох юм. Үнэндээ материаллаг ертөнцөд машинууд лугаа адил хүмүүс хоорондын харилцаа л оршино. Хууль гэгч хүмүүс хоорондын харилцааг удирдах машин юм шүү дээ. (...)

Хувьсгалт үйл ажиллагааны эхэн үеэс л бид бүхэн Америкийн ерөнхийлөгч Линкольны томьёолсон of the people, by the people and for the people гэх зарчимтай утга санаа нэг үндэсний үзэл санаа, ард түмний сайн сайхан байдал, ардын эрхт засаг гэх ардын гурван зарчмыг баримтлах болсон. Үүнийг миний бие “ард түмэн засаглаж, ард түмэн удирдан, ард түмэн эдэлнэ” гэж хөрвүүлсэн юм. Линкольны дэвшүүлсэн энэ зарчим бол миний гаргасан үндэсний үзэл, ард түмний сайн сайхан байдал, ардын эрхт төрийн зарчмаас өөр юу ч биш юм. Удирдаж байгаа цагт ард түмэн эрхээ эдэлдэг. Хэрэв удирдахгүй бол эрхээ ч мөн адил эдлэх боломжгүй гэсэн үг юм. Хэрэв ард түмэн эрхээ эдлэх боломжгүй юм бол ард түмэн засаглаж байна гэх зарчим өөрөө худал болно. (...)

Бидний ярьж буй ард түмний удирдах зарчмыг хэрэгжүүлэхийн тулд хүмүүст өөрсдийгөө залж, чиглүүлэх, тэрчлэн хаашаа явахаа зааж байх машиныг өгөх хэрэгтэй болно. Энэ бол үндсэн хууль юм. Таван эрх мэдлийн үндсэн хууль ямар бүтэцтэй болохыг бид дараах хүснэгтээс харж болох юм.

ТАВАН ЭРХ МЭДЛИЙН ҮНДСЭН ХУУЛЬ

 

Хууль тогтоох эрх мэдэл

Хяналтын эрх мэдэл

Шүүх эрх мэдэл

Шалгалтын эрх мэдэл

Гүйцэтгэх эрх мэдэл

 

 

 

(...) Түүнд дурдсанаар, төрийн засаглал хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх, хяналтын болон шалгалтын гэсэн бие даасан эрх мэдлийн таван хүрээнд хуваарилагдана. (...)

Гүйцэтгэх эрх мэдлийг улсын тэргүүн ерөнхийлөгч, хууль тогтоох эрх мэдлийг парламент, харин гүйцэтгэх эрх мэдлийг шүүх төлөөлнө. Шалгалтын болон хяналтын эрх мэдлийг хэрэгжүүлэхийн тулд бие даасан байгууллага бий болгох шаардлагатай.

Таван эрх мэдлийн үндсэн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөх үед хүмүүс засаг захиргааны чиг үүргийг үндсэн хуульд нийцүүлж хэрэгжүүлэх ёстой болно. (...) (Сун Ятсен, 1997, хуудсд. 139- 45)

 

Орчуулгын эх сурвалж

Сун Ятсен. (1997). Конституция пяти властей. In Г. Ю. Семигин, Л. Н. Алисова, В. С. Баев (Редакторы), Антология мировой политической мысли: Зарубежная политическая мысль. XX в. (Том II). Москва: Мысль.

Comments

Popular posts from this blog

САМУЭЛ ХАНТИНГТОН "АРДЧИЛАХ ҮЙЛ ЯВЦЫН ИРЭЭДҮЙ: ТҮРЭЛТЭЭС БЭХЖИЛТЭД"

САМУЭЛ Ф. ХАНТИНГТОН "ЗЭВСЭГТ ХҮЧИН БА АРДЧИЛАЛ: ЦЭРЭГ-ИРГЭНИЙ ХАРИЛЦААГ ШИНЭТГЭН ТОГТООХУЙ"

САМУЭЛ Ф. ХАНТИНГТОН "СОЁЛ ИРГЭНШИЛ ХООРОНДЫН ЗӨРЧИЛДӨӨН ҮҮ?"