СҮН ЯТСЭН "УЛС БАЙГУУЛАХ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ"

 

СҮН ЯТСЭН

(1866-1925 он) болбоос Хятадын улс төрийн зүтгэлтэн, Манж Чин улсын ноёрхлоос Хятад үндэстнийг чөлөөлөх зорилго бүхий хувьсгалт байгууллага – Нэгдсэн холбоо, Хятадын сэргэн мандалтын холбоог үүсгэн байгуулагч нэгэн. Сүүлд түүний чармайлгаар Хятадын үндэсний нам (Жүнго Гоминдан) байгуулагдсан нь өнөөдрийг хүртэл Бүгд Найрамдах Хятад Улсад оршин байна. 1911 оны хувьсгал ялсны дараа Бүгд Найрамдах Дундад Иргэн Улсын түр ерөнхийлөгчөөр сонгогдсон. Сүн Ятсэн хүн төрөлхтний улс төрийн сэтгэлгээний түүхэнд ардын гурван зарчим, таван эрх мэдлийн үндсэн хуулийн үзэл санааг асаасан гэдгээр нэр цолгорч үлдсэн байдаг. Ардын гурван зарчимд үндэсний үзэл санаа, ард түмний сайн сайхан байдал, ардын эрхт засгийн зарчим багтдаг байна. Үндэсний үзэл санаа нь Хятадын бүх үндэстний эрх тэгш байдал болон империализмийн эсрэг тэмцлийн үзэл санаагаар илэрдэг байна. Харин ард түмний сайн сайхан байдал нь хөдөө аж ахуйн шинэтгэл хийх, улс орноо аж үйлдвэржүүлэх санаа болно. Ардын засгийн зарчим нь таван эрх мэдлийн үндсэн хуулийн сургаалтай шууд холбогддог. Сүн Ятсэний үзсэнээр, дэлхийн ихэнх улс оронд хэрэгжиж буй гурван эрх мэдлийн тогтолцоо нь ардчилсан институтын хэвийн ажиллах нөхцөлд хангалтгүй бөгөөд энэ ч утгаараа шалгалтын болон хяналтын гэсэн эрх мэдлийн хоёр хэлбэр шаардлагатай болдог байна. Энэ бүхнээс гадна, Сүн Ятсэн авгай хүчтэй тоталитари юм уу авторитари уламжлалтай оронд ардчиллыг тогтоох үйл явц нийгмийн эрс тэсрэлтээс зайлсхийж, аажим алгуур хийгдэх учиртай гэжээ. Чухам үүнтэй холбоотойгоор цэргийн засаглал, улс төрийн өмгөөллийн засаг, үндсэн хуульт засаг гэсэн засаглалын гурван үе шатын үзэл санаа урган гардаг байна. Сүн Ятсэний зохиол бүтээлийг дэлхийн олон орны хэлнээ урин хөрвүүлжээ. Тайваньд түүнийг “улсын эцэг” хэмээн хүндэтгэж, үзэл санааг нь төрийн албан ёсны номлол болгосон байдаг. Сүн Ятсэний Хятадын улс төрийн сэтгэлгээнд оруулсан хувь нэмрийг өнөөдөр ч БНХАУ-д өндрөөр үнэлдэг байна (Бичвэрийг урьж, монголчилго хийсэн МУИС-ийн докторант, улс төр судлаач Нямаагийн Отгонбаяр).

УЛС БАЙГУУЛАХ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

1924  дөрөвдүгээр сарын 12

I.Бүгд Найрамдах Дундад Иргэн Улсыг цогцлооход үндэсний засгийн газрын үйл ажиллагаа ардын гурван зарчим, таван эрх мэдлийн үндсэн хуулийн хувьсгалт хөтөлбөр дээр суурилна.

II.Төрийг цогцлооход ард түмний сайн сайхан байдал бүхнээс чухалчлагдана. Үүний учир ард түмний хоол хүнс, хувцас, орон байрны тулгам хэрэгцээг хангах зорилгоор засгийн газар ард түмний хамт нийтийн хүчээр улсыг хангалттай хүнсээр хангахын тулд хөдөө аж ахуйг, ард түмнээ хувцастай байлгахын тулд оёдлын үйлдвэрийг, бүх хүмүүсийн тав тухтай амьдруулахын тулд олон тооны орон сууцыг төлөвлөгөөтэйгээр, хүмүүсийг зорчуулахын тулд зам харилцаа, суваг шуудуу хөгжүүлэхийг урьтал болгоно.

III. Хоёр дахь асуудал нь ардын эрхт засаг мөн. Засгийн газар бүх нийтийн санал асуулгад оролцох эрх, хууль санаачлах эрх, албан тушаалтныг халж солих эрх, сонгуулийн эрхээ хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай улс төрийн мэдлэг олгох үүднээс ардыг гэгээрүүлэх үйлийг эрхэлнэ.

IV. Гурав дахь асуудал нь – үндэсний үзэл санаа мөн. Засгийн газар манай улсын бага, буурай үндэстний хөгжил, цэцэглэлтэд анхаарч, тэдний өөрийгөө тодорхойлох, өөрөө хөгжих чадварыг хөгжүүлнэ. Засгийн газар гадны харгис, түрэмгий эрмэлзэлийг таслан зогсоож, гадаадын улсуудтай байгуулсан гэрээ, хэлцлийг хянан үзэхийн зэрэгцээ манай улсын олон улсын харилцаан дахь бие даасан, эрх тэгш байдлыг батлан сахина.

V. Улс байгуулах үйл явц 1. Цэргийн засаглалын үе: 2. Улс төрийн өмгөөллийн үе: 3. Үндсэн хуульт засаглалын үе гэсэн гурван шатад хуваагдана.

VI. Цэргийн засаглалын үед төрийн бүх институт цэргийн захиргааны хяналтад байна. Засгийн газар цэргийн хүчийг улсын доторх саад бэрхшээлийг арилгах, тэрчлэн улсаа нэгтгэх үүднээс ардыг гэгээрүүлэх зорилгоор өөрийн зарчмаа номлоход ашиглана.

VII. Муж бүрт нийгмийн хэв журам тогтсон өдөр цэргийн засаглалын үе дуусгавар болж, улс төрийн өмгөөллийн үе эхэлнэ.

VIII. Улс төрийн өмгөөллийн үед засгийн газар өөрийн удирдлагын зохион байгуулалтад бэлтгэхэд ард түмэнд туслах үүднээс хошуудад зохих ёсоор сургагдаж бэлтгэгдсэн ажилтан илгээнэ. Хошууд хүн амын тооны талаар мэдээлэл цуглуулж, дэг журмыг хангах алба байгуулан, зам тээврийн сүлжээг зохистой байршуулж, хувьсгалын зарчимд үнэнч, иргэний үүргээ хэрэгжүүлж, дөрвөн эрхээ эдлэгч иргэд засаг захиргааны эрх мэдлийг хэрэгжүүлэгч хошуу захирагч, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч хурлын төлөөлөгчдийг сонгон, өөрөө удирдах засгийг тогтооно.

IX. Өөрийн удирдлагыг тогтоосон хошууны иргэд албан тушаалтныг шууд сонгох, тэрчлэн халах, хууль санаачлах, бүх нийтийн санал хураалтаар уламжилт үзэл бодлоо шууд илэрхийлэх эрх эдэлнэ. (...)

XIV. (…) Өөртөө эзэрхэх засгийг явуулсаны дараа нэжгээд хошууны хүн ам төв засгийн хэрэгт оролцохын тулд Үндэсний хуралд нэг төлөөлөгчийг сонгоно.

XV. Сонгууль албан тушаал, тэрчлэн томилогддог түшмэдэд төв, орон нутагт нэр дэвшигчид төв засгаас зохион явуулах зохих шалгалтад хамрагдана.

XVI. Өөрийн удирдлага бүх хошуудад нэгэн адилаар хэрэгжих өдөр үндсэн хуульт засаг тогтоно. Энэ шатанд Ардын төлөөлөгчдийн хурал нутгийн өөрийн удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих мужийн амбан захирагчийг сонгоно. Тухайн мужийн нутаг дэвсгэр дэх нийт улсын хэмжээний арга хэмжээг төвөөс ирсэн захирамжид үндэслэн амбан захирагч хэрэгжүүлнэ.

XVII. Энэ үед төв засаг болон мужийн удирдлагын дунд эрх тэгш харилцаа үүснэ. Нийтийн улсын хэмжээний асуудлыг төв засаг, харин орон нутгийн асуудлыг нутгийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ. Эрх мэдлийг хэт төвлөрүүлэх юм уу сулруулах явдал үгүй болно.

XVIII. Өөрийн удирдлагын нэгж нь хошуу мөн. Мужийн захиргааны байгууллагууд хошуу, төв засгийн хооронд холбоос болно.

XIX. Үндсэн хуульт засаглалын эхэнд төв засгийн газар таван эрх мэдлийн тогтолцоонд суурилсан засаглалын хэлбэрийн бий болгох зорилгоор таван танхим бий болгоно. Танхимууд нь хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх, хяналтын болон шалгалтын гэсэн төрөлтэй байна ( )

XX. Үндсэн хууль хүчин төгөлдөр үйлчлэх хүртэл танхимын удирдлага бүгд найрамдах улсын ерөнхийлөгчийг халж, солих бөгөөд түүний удирдлага дор ажиллана.

XXI. Үндсэн хуулийн төсөл нь улс байгуулах ерөнхий төлөвлөгөө, улс төрийн өмгөөллийн болон үндсэн хуульт засгийн үеийн ололтууд дээр суурилна. Үндсэн хуулийн төслийг хууль тогтоох танхимаас боловсруулж, нийцтэй цаг үе хүртэл бэлтгэх үүднээс ард түмний сонорт уламжилна.

XXII. Улсын нийт мужийн талаас илүү хувьд нь үндсэн хуульт засаг тогтсон, ихэнх мужийн нутаг дэвсгэрт өөртөө эзэрхэх засаг тогтсон үед Үндэсний хурал үндсэн хуулийг батлан нийт олонд зарлан тунхаглана.

XXIII. Үндсэн хуулийг баталж, нийт олонд зарлан тунхагласны сүүлээр төв засгийн чиг үүрэг Үндэсний хуралд шилжинэ. Үндэснй хурал нь төв засгийн аливаа албан тушаалтныг сонгох, халах, хууль санаачлах, тэрчлэн нийт улсын хууль тогтоомжоор бүх нийтийн санал асуулга явуулах эрх эдэлнэ.

XXIV. Үндсэн хуулийг зарлан тунхагласан өдөр үндсэн хуульт засгийн үеийг зарлан тухагласан өдөр байна. Үндсэн хуульд нийцүүлж бүх улсын иргэдийг оролцуулсан бүх нийтийн сонгууль зохион явуулна. Үндэсний засгийн сонгууль зохион байгуулагдсаны дараах гурван сарын хугацаанд ард түмний сонгосон засгийн газарт эрх шилжүүлэх үйл явц болох бөгөөд энэ нь улс байгуулах үйл хэргийн агуу их амжилт болно (Сун Ятсен , 1997, pp. 135-38).

Орчуулгын эх сурвалж

Сун Ятсен . (1997). Общая программа строительства государства. In Г. Ю. Семигин, Л. Н. Алисова, В. С. Баев (Ed.), Антология мировой политической мысли (Vol. Том II). Москва: Мысль.

МОНГОЛЧИЛСОН: УЛС ТӨР СУДЛААЧ, МУИС-ИЙН ДОКТОРАНТ Н. ОТГОНБАЯР

Comments

Popular posts from this blog

САМУЭЛ ХАНТИНГТОН "АРДЧИЛАХ ҮЙЛ ЯВЦЫН ИРЭЭДҮЙ: ТҮРЭЛТЭЭС БЭХЖИЛТЭД"

САМУЭЛ Ф. ХАНТИНГТОН "ЗЭВСЭГТ ХҮЧИН БА АРДЧИЛАЛ: ЦЭРЭГ-ИРГЭНИЙ ХАРИЛЦААГ ШИНЭТГЭН ТОГТООХУЙ"

САМУЭЛ Ф. ХАНТИНГТОН "СОЁЛ ИРГЭНШИЛ ХООРОНДЫН ЗӨРЧИЛДӨӨН ҮҮ?"