ДУНДАД УЛСЫН ИРЭХ 50 ЖИЛД ХИЙХ ЗУРГААН ДАЙН
(中國未來50年裡必打的六場戰爭)
БНХАУ-ын засгийн газар,
Хятадын Коммунист Намын бодлогыг дэмжигч Хонконг дахь хятад хэлээр гардаг Wen
Wei Po (文匯報 ) сонин 2013 оны дугаартаа “Дундад Улсын ирэх 50 жилд
хийх зургаан дайн” гэсэн нийтлэл бичсэн байна. Уг нийтлэлд Хятадын
геополитик эрх ашигтай холбоотойгоор үүсч болох ирээдүйн боломжит зургаан дайны
талаар дурдсан байна. Ялдамд, уг нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Дундад улс нэгдмэл их
гүрэн бишээ. Энэ бол Хятадын ард түмнийг цагаан чөтгөрүүд гутаан доромжилж буй
хэрэг юм. Үндэсний эв нэгдэл, нэр төрөө дахин сэргээн мандуулахын тулд Дундад
Улс ирэх 50 жилд 6 дайн хийх ёстой. Зарим нь үндэсний, зарим нь магадгүй, дэлхийн
хэмжээний ч дайн байж болох юм. Гэвч Дундад улсыг дахин нэгтгэхийн цагт энэ
бүхэн тийм ч чухал зүйл бишээ. (中國是一個沒有統一的大國,這是華夏民族的恥辱,是炎黃子孫的羞愧。為了國家的統一、民族的尊嚴,未來五十年內,中國必須進行六場戰爭,也許是舉國大戰,也許是局部戰爭,但無論哪一場戰爭,都是中國必須進行的統一戰爭。)
ЭХНИЙ ДАЙН: ТАЙВАНЫГ НЭГТГЭХ (2020
– 2025 ОНУУД)
Бид Тайвань арлын
асуудлаар энх тайванч байр суурь баримталж байна гэдэг нь тус улсыг тайван
замаар нэгтгэхийг сонирхдоггүй гэсэн үг хараахан бишээ. Тайваныг энхийн аргаар нэгтгэх асуудал сонгуульд оролцож
буй тэндэхийн намуудын эрх ашигтай шууд зөрчилддөг. Учир нь, тэдний байр суурь
статус квог хадгалах явдал юм (хоёр намын хувьд хоёул энэ асуудлаар хатуу байр
суурь баримталдаг). Тайваны хувьд “тусгаар тогтнол” хоосон үг төдий бөгөөд
нэгдлийн асуудлыг яриа хэлэлцээрээр шийдвэрлэж болох ч тийм боломж хараахан
бүрдэхгүй байна. Тайваны өнөөгийн байдал Дундад улсын хувьд хэзээ ч хяналтаас
гарч болох аюулын харанга дэлдэж байна.
Иймээс Дундад улс 2020
он хүртэлх ирэх арван жилд Тайваныг нэгтгэх бодлого баримтлах ёстой.
Дараа нь, Дундад улс
энхийн аргаар нэгдэх (Дундад улсын хувьд хамгийн аятай арга), эсвэл 2025 онд
дайтах (аргагүй арга хэмжээ) сонголт бүхий саналыг тэдэнд хүргүүлэх хэрэгтэй. Нэгтгэх
үйл ажиллагааг бодитой болгохын тулд Дундад улс гурван жил хүчин чармайлт
гаргах хэрэгтэй. Үүний эцэст Дундад улсын засгийн газар асуудлыг эцэслэн шийдвэрлэх
байр сууриа тулгах боломжтой юм.
Өнөөгийн байдлаа тооцон
үзээд Тайвань хатуу байр сууриа өөрчилж, дайны аюулыг гэтлэн давах боломжтой.
Нэгтгэхийн төлөөх дайн “шинэ үеийн Дундад улс”-ын хувьд орчин үеийн хамгийн
анхны дайн байх юм. Энэ ч утгаараа уг
дайны ажиллагаа Ардын Чөлөөлөх Армийн хувьд томоохон шалгуур байх болно. Дундад
улс энэ дайнд хялбархан ялалт байгуулж болно. Эсвэл бүх зүйл санаснаас ч илүү
хүндэрч болно. Хамгийн гол нь, АНУ,
Японы оролцооноос шууд хамаарна. Хэрэв АНУ, Япон Тайваньд дэмжлэг үзүүлж,
Дундад улсын нутаг дэвсгэр рүү цэрэглэн халдвал дайн сунжирч, шатлан өргөжих
боломжтой.
Нөгөө талаас, АНУ, Япон
ердийн ажиглагчийн байр сууринд шилжвэл Дундад улс хялбархан ялалт байгуулах
боломжтой. Энэ тохиолдолд Бээжин гурван сарын хугацаанд Тайваньд хяналтаа
тогтоох болно. Япон, Америк энэ дайнд оролцсон ч дайн зургаан сараас илүүгүй
хугацаагаар үргэлжлэхгүй болов уу.
ХОЁР ДАХЬ ДАЙН: СПРАТЛИ
АРЛУУДЫГ ЭРГҮҮЛЭН АВАХ (2025-2030 ОНУУД)
第二場戰爭:收復南海諸島 (2025-2030年)
Тайваныг нэгтгэсний
дараа Дундад улс 2 жилийн турш хүчин чадлаа зузаатгах хэрэгтэй. Дундад улс
дахин сэргэхийн цагт 2028 он гэхэд Спартли арлын орнуудад санал хүргүүлэх
хэрэгтэй. Арлыг тусгаар тогтнолд шүүмжлэлтэй ханддаг орнуудад энэ арал дахь хөрөнгө
оруулалтын талаар Дундад улсын байр суурийг дагахыг шаардах болно. Гэхдээ хэзээ
ч газар нутгийн санаархлаасаа буцаж болохгүй. Хэрэв ийм байдал үүсэхгүй бол
Дундад улс тэдэнд дайн зарлаж, хөрөнгө оруулалт, эдийн засгийн ашгийг нь үгүй
хийх хэрэгтэй.
Өнөөдөр зүүн-өмнөд Азийн
орнууд Тайваньтай нэгдэх аюулаас болгоомжилж байна.
Тэд нэг талаас, яриа
хэлэлцээрээр асуудлыг шийдэх, нөгөө талаас, арал дахь эрх ашгаа хадгалж
үлдэхийг чухалчлах болсон. Ингэснээр тэд хүлгэлзсэн байр сууринд шилжиж, эцэслэн
шийдвэрлэхийг шаардаж байна. Дундад улс шийдвэртэй арга хэмжээ аваагүй цагт энэ
бүхнийг шийдвэрлэх боломжгүй.
Үүний зэрэгцээ, арлыг
Дундад улс “дахин булаан эзлэх”-ийг АНУ зүгээр хараад суухгүй нь ойлгомжтой.
Гэхдээ Тайваны тухай хэсэгт өгүүлсэн шиг АНУ Дундад улстай илэрхий дайтахгүй ч
сөргөлдөөнд хожуу, цаг алдаж оролцох боломжтой. Ерөнхийдөө, АНУ Хятадтай
илэрхий дайсагнахыг хүсэхгүй болов уу.
Хэдий тийм боловч АНУ
урьдын адил Вьетнам, Филиппин зэрэг зүүн-өмнөд Азийн орнуудад нууцлаг байдлаар
тусалсаар байх болно. Өмнөд Хятадын тэнгисээр хүрээлэгдэх энэ хоёр улс Дундад
улсын санаархлын эсрэг хүчтэй тэмцэх магадлалтай. Хэдийгээр Дундад улстай
илэрхий дайсагнах нь муу гэдгийг мэдэх ч АНУ-ын цэрэг зэвсгийн дэмжлэгт найдаж
болох талтай.
Бүс нутагтаа хамгийн
хүчирхэг улс учир Вьетнам руу цэрэглэх нь Дундад улсын хувьд хамгийн зөв
сонголт байх болно. Хэрэв Вьетнамыг ялж чадвал бусдыг нь буулган авах
боломжтой. Дайн ид явагдаж байх үед бусад улсаас цэрэглэх юм уу оролцох боломж
харьцангуй магадлал багатай. Учир нь Вьетнам ялагдвал Дундад улс арлыг
эзэмшинэ. Эсрэг тохиолдолд хөндлөнгөөс оролцогч улсад Дундад улсаас халдах аюул
үүсч болох юм.
Мэдээж хэрэг, Дундад улс
Вьетнамыг буулгаж, бүх арлыг эзэмших болно. Вьетнам ялагдаж, бүх арлаа алдахын
цагт бусад орнууд нэг талаас, Дундад улсын хүчин чадлаас болгоомжилж, нөгөө
талаас, эрх ашгаа чухалчлан арлыг эргүүлэн өгөхийг дэмжиж, Дундад улсад
ашигтайгаар үйл явц дуусна. Ингэснээр Дундад улсын Номхон далай дахь байр
суурь, нөлөө сэргэж, хүчирхэгжих
боломжтой.
ГУРАВ ДАХЬ ДАЙН: ӨМНӨД
ТӨВӨДИЙГ ЭРГҮҮЛЭН АВАХ (2035-2040 ОНУУД)
第三場戰爭:收復藏南 (2035-2040年)
Дундад улс, Энэтхэг хоёр
уртын урт дундын хилтэй. Гэвч тэдний дунд үүсэх зөрчлийн цорын ганц цэг нь
Өмнөд Төвөдийн газар нутаг юм.
Дундад улс Энэтхэгийн
эртний өст дайсан улс мөн.
Энэтхэгийн цэрэг дайны
гол зорилго нь Дундад улсыг гүйцэж түрүүлэхэд оршино. Энэтхэг улс АНУ, Орос,
Европоос цэргийн орчин үеийн техник технологи худалдан авах замаар өөрийгөө
хөгжүүлж, Дундад улсыг эдийн засаг, зэвсэг техникийн хувьд гүйцэж түрүүлэхийг
эрмэлзэх болсон.
Энэтхэгийн засгийн
газар, хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд Орос, АНУ, Европт элгэмсүү хандах хэрнээ
Дундад улстай дайсагнасан байдлаар харилцаж байна. Энэ нь Дундад улстай хийж
буй зөрчилдөөнийг энхийн аргаар шийдвэрлэх боломжгүйг нотлон харуулж байна.
Нөгөө талаас, Энэтхэг
газар нутгийн маргаанаас үүдэлтэй зэвсэгт мөргөлдөөн гарсан тохиолдолд АНУ,
Орос, Европын тусламжтайгаар Дундад улсыг буулган авах боломжтой хэмээн
тооцоолж байна.
20 жилийн дараа Энэтхэг
зэвсэг техникийн хувьд Дундад улсаас хоцорч болох ч дэлхийн томоохон гүрнүүдийн
нэг хэвээр байх болно. Хэрэв Дундад улс өмнөд Төвөдийн газар нутгийг нэгтгэхийг
хүсвэл тодорхой хэмжээнд хохирол амсах нь гарцаагүй.
Миний үзэж буйгаар,
Дундад улсын хувьд Энэтхэг дэх салан тусгаарлах үзэл санааг дэмжих нь сайн
стратеги юм. Энэтхэг олон жижиг хэсэгт хуваагдвал Дундад улстай сөргөөцөлдөх
байдал төдий хэмжээгээр багасах болно. Мэдээж хэрэг, энэ төлөвлөгөө бүтэлгүйтэх
ч боломжтой. Гэхдээ Дундад улс Энэтхэгийн сулруулах, Ассам, Сикким мужуудыг
тусгаар тогтнуулахад бололцоотой бүхнийг хийх хэрэгтэй. Энэ бол хамгийн сайн
стратеги мөн.
Стратегийн хоёр дахь
хэсэг нь Пакистанд цэргийн сүүлийн үеийн зэвсэг техник нийлүүлэх замаар 2035
онд өмнөд Кашмирыг нэгтгэхэд нь туслах явдал юм. Энэтхэг, Пакистаны хооронд
хурцадмал байдал үүсч, харилцаа хүйтрэх үед Дундад улс Энэтхэгийн булаан
эзэлсэн өмнөд Төвөдийн газар нутгийг буцаан авч болно. Хүчин чадал үл хүрэлцэх
учир Энэтхэг хоёр фронтод зэрэг давшилт хийж чадахгүй нь ойлгомжтой. Энэ
төлөвлөгөө хэрэгжихгүй бол өмнөд Төвөдийн газар нутагт шууд цэргийн хүчээр
халдах муухан хувилбар үлдэх болно.
Эхний хоёр дайныг
дуусгаж, 10 жилийн туршид цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлсний үр дүнд Дундад улс
эдийн засаг, цэргийн хүчин чадлын хувьд дэлхийн гүрэн болох боломжтой. Дундад
улсын хүчин чадалтай дүйцэхүйц гүрэн АНУ, Европ (Хэрэв Орос нэгдэхгүй бол АНУ,
Европ ижил байр сууринд хүрэх боломжгүй. Гэхдээ миний үзсэнээр, Европ нэгдэх
бүрэн боломжтой) байх болно.
Тайвань, Спартли
арлуудыг эргүүлэн авсны дараа Дундад улс цэргийн зэвсэг техникээ сайжруулах,
агаарын хүчний чадавхаа нэмэгдүүлэх томоохон алхам хийх боломжтой. Ингэснээр
АНУ-тай зэрэгцэхүйц хамгийн хүчирхэг цэргийн гүрэн болно. Ингэхлээр, Энэтхэг
ялагдах нь илэрхий юм.
ДӨРӨВ ДЭХ ДАЙН: ДЯОЮЙДАО
(СЕНКАКУ) И РЮКЮ АРЛУУДЫГ ЭРГҮҮЛЭН АВАХ (2040 – 2045 ОНУУД)
四場戰爭:收復釣魚島和流球 (2040-2045年)
21-р зууны дунд үе гэхэд
Япон, Оросын хүчин чадал суларч, АНУ, Энэтхэг зогсонги байдалд орохын зэрэгцээ
төв Европын нэр, нөлөө урьд байгаагүйгээр өсч эхлэх учир Дундад улсын хувьд
дэлхийн хэмжээний хүч болох таатай нөхцөл бүрдэнэ. Эн бол Дяоюйдао, Рюкю
арлуудыг нэгтгэх хамгийн аятай цаг юм.
Дяоюйдао эртнээс нааш
Хятадын арал байсан гэдгийг хүн бүр мэдэх ч япончууд Рюкю (Өнөөгийн — Америкийн
цэргийн бааз бүхий Окинова арал) арлыг булаан эзэлсэн гэдгийг тэр бүр мэдэхгүй
болов уу. Япончууд Дундад улсын олон нийт, засгийн газрыг дорнод Хятадын
тэнгисийн асуудлаар зориудын төөрөгдөлд оруулж, өөрсдийн тогтоосон “завсрын
бүс” буюу “Окинова арлын асуудал” гэгчийг бий болгож, түүгээр шалтаглан Рюкю
арал эртнээс нааш япончуудынх байсан гэж мэтгэх болсон.
Ямар гутамшигтай
төөрөгдөл вэ! Хятадын түүхэн эх сурвалж түшиглэн яривал Японыг оролцуулан Рюкю
тэргүүтэй арлууд эртнээс нааш Хятадын захиргаанд байсан байх бөгөөд энэ нь
Хятад энэ арлуудыг эзэмших ёстой гэсэн үг гарцаагүй мөн билээ. Энэ тохиолдолд
япончуудын тогтоосон “завсрын бүс” байх боломжтой юу? Ерөөсөө Япон улс дорнод
Хятадын тэнгист санаархах эрхтэй юу?
Япон улсад дорнод
Хятадын тэнгист эзэмшил байгаагүй бөгөөд олон жилийн туршид Дяоюйдао, Рюкю
арлуудыг хууль бусаар булаан эзэлсэн юм. Цаг хугацаа улиран одохын хэрээр тэд
өр төлөөсөө төлөх ёстой. АНУ-ын оролцоотойгоор тогтоон барих боломжтой гэж үзэж
байсан цаг улирч, тус улсын хүчин чадал сулрахын зэрэгцээ, Европ дуугүй өнгөрч,
Орос ажиглагчийн байр сууринаас хандах болно. Дайн хагас жилийн хугацаанд
Дундад улсын илэрхий ялалтаар дуусах болно. Япон улсын хувьд Дяоюйдао, Рюкю
арлуудыг Дундад улсад хүлээлгэн өгөхөөс өөр сонголт үлдэхгүй. Дорнод Хятадын
тэнгис дахин Дундад улсын дотоод нуур болно. Хэн үүнийг эсэргүүцэж зүрхлэх
билээ?
ТАВ ДАХЬ ДАЙН: ГАДААД
МОНГОЛЫГ НЭГТГЭХ (2045-2050 ОНУУД)
第五場戰爭:統一外蒙古(2045——2050年)
Хэдийгээр гадаад
Монголыг нэгтгэх үзэл санааг баримтлагчид байдаг ч энэ үзлийг хэрэгжүүлэх хэр
боломжтой вэ? Магадгүй, өөрсдийгөө хуурсан, алдаатай үзэл санаа юм биш байгаа.
Өнөөдөр гадаад Монголыг нэгтгэх цаг нь хараахан бишээ.
Дундад улс эх газартаа
нэгдэх үзэл бүхий бүлэглэлийг бий болгож, төр засгийн чухал албан тушаалуудад
томилогдоход нь туслах, өмнөд Төвөдийн асуудлыг зохицуулсны дараа 2040 онд гадаад
Монголыг нэгтгэх нь Дундад улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилт гэдгийг
тунхаглахад голлон анхаарах хэрэгтэй.
Хэрэв гадаад Монгол
тайван замаар нэгдвэл энэ нь Дундад улсын хувьд сайн үр дүн байх болно. Гэвч
Дундад улс эсэргүүцэлтэй тулгарвал дайн бүхий байдалд шилжихэд бэлэн байх
ёстой. Энэ тохиолдолд Тайваньд хэрэглэсэн арга нэлээд үр дүнтэй байх болно: 2045
он гэхэд санал хүргүүлэх хэрэгтэй. Гадаад Монголд хэдэн жил өгөх, татгалзсан
тохиолдолд хүч хэрэглэнэ.
Энэ үед өмнө нь
эхлүүлсэн дайнууд нэгэнт дууссан байх болно. Дундад улсад гадаад Монголыг
нэгтгэх цэрэг, улс төр, дипломатын хангалттай хүчин чадал бүрдсэн байх болно. Сулран
доройтож буй АНУ, Орос эсэргүүцэл үзүүлэх чадвараа алдана. Европ эргэлзсэн байр
сууринд шилжиж, Энэтхэг, Төв Ази хариу үйлдэл үзүүлэхгүй. Нэгтгэсний дараа
Дундад улс гурван жилийн дотор гадаад Монголд бүрэн ноёрхлоо тогтооно. Бүрэн
нэгдэх үйл явц дууссны дараа Орост хяналтаа тогтоохын тулд хил орчмын газруудад цэргийн томоохон хүч
төвлөрүүлэх хэрэгтэй. Оросоос алдагдсан газар нутгаа эргүүлэн авахын тулд 10
жилийн туршид бэлтгэх хэрэгтэй.
ЗУРГАА ДАХЬ ДАЙН: ОРОСЫН
ГАЗАР НУТГИЙГ ЭРГҮҮЛЭН АВАХ (2055 – 2060 ОНУУД)
第六場戰爭:收復被俄國侵佔的領土 (2055-2060年)
Орос, Дундад улсын өнөөгийн
харилцаа сайн мэт харагдах ч энэ нь АНУ тус улсад өөр сонголт үлдээгээгүйн шууд
үр дагавар юм.
Хоёр улс нэг нэгнээ хатуу
хянах болсон. Орос Дундад улсын хүчин чадал өсөн нэмэгдэхээс болгоомжилж байгаа
бол Дундад улс Орост алдсан хуучин эзэмшлээ сэргээхийг хүсч байна. Хэзээ нэгэн
цагт Дундад улс алдагдсан газар нутгаа дахин нэгтгэх болно.
Өмнөх таван дайнд ялалт
байгуулсны дараа 2050 он гэхэд Дундад улс Чин гүрний үеийн газар нутгаа сэргээн
тогтоох бодлого (гадаад Монголыг нэгтгэх нь ч энэ хүрээнд хийгдэж буй алхмын
нэг юм) баримталж, энэ чиглэлд тодорхой алхамууд авч хэрэгжүүлэх болно. Эдгээр алхмын
гол зорилго нь Оросыг дахин хуваахад оршино.
“Хуучин Дундад Иргэн
улс”-ын үед Дундад улсын өнөөгийн газар нутгийн зургааны нэгтэй тэнцэх 1,6 сая
кв км газрыг Орос булаан эзэлсэн. Ингэснээр Орос улс Дундад улсын дайсан болж
хувирсан юм.
Өмнөх таван дайнд ялалт
байгуулсны дараа Орос улсын өрөө төлөх ээлж ирнэ.
Энэ бол Оростой дайтна
гэсэн үг юм. Хэдийгээр Дундад улс агаар, тэнгис, хуурай газар, сансар огторгуйн
хүрээнд хүчирхэг цэргийн гүрэн болох ч энэ дайн цөмийн зэвсэгтэй гүрний эсрэг
чиглэсэн анхны дайн гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс дайны эхнээс аваад эцэс
хүртэл Оросын талаас ирэх цөмийн
цохилтын боломжийг тооцож хүч нөөцөө сайтар бэлтгэх хэрэгтэй.
Дундад улс Оросын хариу
цохилт хийх боломжийг үгүй хийсэн цагт дайны талбарт өрсөлдөгчөө ялахгүй
гэдгийг Орос улс ойлгох болно.
Энэ цагт тэдэнд бидний
газар нутгийг эргүүлэн өгөхөөс өөр сонголт үлдэхгүй.
МОНГОЛЧИЛСОН: УЛС ТӨР СУДЛААЧ, МУИС-ИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
Comments
Post a Comment